БНСУ-д хулгай хийж байгаад баривчлагдах үедээ зугтсан Монгол Улсын иргэнийг эрэн хайж байна

БНСУ-д хулгай хийж байгаад баривчлагдах үедээ зугтсан Монгол Улсын иргэнийг эрэн хайж байна

БНСУ-ын Инчон Самсан хотын цагдаагийн газраас өнөөдөр буюу долдугаар 7-ны өдрийн 11:45 цагт Монгол Улсын иргэн А-г хулгайн хэрэг болон цагаачлалын хяналтын тухай хууль зөрчсөн хэргээр эрэн хайж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, Сэжигтэн А нь өнгөрсөн шөнийн 00:25 цагт хамсаатан болох ОХУ-ын иргэн Б (19 настай)-ийн хамт Инчон хотын нэгэн хүнсний дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн хулгайлсан хэрэгт буруутгагдаж байгаа аж.

Анх цагдаагийнхан сэжигтэн А-г шалгаж байгаад гадаад паспортгүй болохыг тогтоож, "Цагаачлалын хяналтын тухай хууль" зөрчсөн гэх хэргээр баривчлах явцад ОХУ-ын иргэн Б, Монгол Улсын иргэн А нар цагдаагийн алба хаагчдыг түлхэж, зугтсан байна.

Ийнхүү нэн даруй бүх ажилчдыг дайчлан камерын бичлэгт үндэслэн ноён Б-г тухайн өглөөний 07:35 цагт Бупён вокзалын ойролцоогоос баривчилсан бөгөөд иргэн А-г хараахан олоогүй байгаа аж.

Цагдаагийн албаны хүний мэдээлснээр, "Цагдаагийн тусгай хүчнийхэн болон бусад албан хаагчид эрэн сурвалжлагдаж буй Монгол Улсын иргэн А-г шуурхай баривчлахаар ажиллаж байна" гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Newsis