УИХ-ын чуулганы намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.54 цагт 41 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.
Харин одоо Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Монгол Улсын 2020 оны төсөв, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Мөн хуралдаанаар Инновацын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай”, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Далай ашиглах тухай, Орон сууцны тухай, Ерөнхийлөгчийн болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд хаалттай горимоор мэдээлэл хийхээс гадна УИХ-ын гишүүн Шадар сайдад хандан тавьсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар” асуулгын хариуг сонсох аж.
Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх санал гаргав. Мөн өчигдөр ХЗБХ-ны уралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр зарчмын зөрүүтэй олон санал гарсан тул чуулганы завсарлагаанаар дахин хуралдуулж дээрх асуудлыг эцэслэх саналтай байгаагаа илэрхийлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар, чуулганы үдийн завсарлагаанаар ХЗБХ-г хуралдуулж, хэлэлцэх асуудлаа эцэслэн шийдвэрлэх чиглэл өгөв. Харин хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт оруулсангүй.