Ардчилсан намын дэд дарга Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал тус хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн гэж түүнийг яллагдагчаар татсан юм. Энэ талаар өөрөөс нь тодруулахад "Бичлэг байхгүй. Тийм зүйл огт болоогүй. Энэ хэргийн бүх юм шалгагдаад дуусчихсан. Би прокурор дээр очиж уулзсан. Энэ хүний үхэлтэй ямар нэгэн байдлаар хардагдаж сэрдэгдэж байгаа зүйл байна уу гэхэд байхгүй гэсэн. Мөн эрх бүхий албан тушаалтантай уулзаж энэ талаар олон нийтэд нээлттэй зарлаач ээ, хэрэв зарлахгүй бол би хэвлэлийн хурал хийе гэсэн.
Тэгэхгүй бол намайг зохион байгуулалттайгаар маш их гүтгэж байгаа. Над руу нийтдээ 384 удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайраад байна.
Би энэ бүхнийг нэгтгээд холбогдох хуулийн дагуу шалгуулна. Үүнийг зүгээр өнгөрөөхгүй.
Энэ хэргийн талаарх бүх болсон процессыг би мэдэж байгаа. Надад хамааралтай юм биш шүү дээ. Сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг нь би мөн үү гэвэл мөн. Миний өрөөнөөс гараад хаашаа явсныг би мэдэхгүй" гэсэн юм.
Тэрбээр маргааш буюу арванхоёрдугаар сарын 12-нд хэвлэлийн бага хурал зарлаж энэ талаар мэдээлэл өгөх аж.