УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийг Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь гэр хорооллын өрхүүдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслээр хангах, Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацаанд зорилтот ажил хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)- ыг бууруулсан байна. Тиймээс төслийг үргэлжлүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгох болжээ. Зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа таван жил, зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь байна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Я.Содбаатар нар асуулт асууж, үг хэлсэн. УИХ-ын гишүүд нэмэлт санхүүжилтийн хүрээнд хийх ажлын талаар тодрууллаа. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хариултдаа, өмнө нь авсан 15 сая ам.долларын зээлээс 13.5 сая ам. долларыг зарцуулсныг дурдлаа. Мөн нэмэлт санхүүжилтийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, нүүрсний бус халаалтын технологийг дэмжихээр төлөвлөж буйг онцлов.
Ингээд санал хураахад нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Уг асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж эцэслэх юм.