НИТХ-ын хурлаар баталсан Нийслэлийн 2020 оны төсөвт авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмэхээр тусгасан. Үүнийг иргэд эсэргүүцэж, автомашинтай жагсаалыг яг одоо Төрийн ордны гадаа зохион байгуулж буй юм.
Энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын дарга С.Амарсайхантай өнөөдөр уулзаж уг асуудлыг НИТХ-аар дахин хэлэлцүүлэхийг чиглэл болгов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан уг асуудлыг дахин судлаж, хуулийн хугцаанд НИТХ-д хандахаа хэлжээ.
Энэ талаар Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригоос тодрууллаа.
-Нийслэлийн авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмсэнтэй холбоотойгоор иргэд Төрийн ордны хоёр талын замыг хааж жагсаж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын дарга С.Амарсайхантай уулзаж үүрэг даалгавар өгсөн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Нийслэлийн автозам ашигласны хураамжийг тав дахин нэмсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд, Хотын даргатай уулзаж уг асуудлыг дахин нягтлах шаардлагатай гэж үүрэг болголоо. Улаанбаатар хотод 536 мянган машин хөдөлгөөнд оролцдог. 500 мянган жолооч гэсэн үг. 500 мянган жолоочийн халаас цаашлаад 1.5 сая иргэний өрхийн орлоготой холбоотой асуудал учраас олон нийтийн санаа бодлыг тусгаж, тал бүрийн судалгаатайгаар шийдвэр гаргахыг үүрэг даалгавар болголоо.
Хотын даргын хувьд НИТХ-ын ээлжит болон ээлжит бус хурлаар уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр болсноо илэрхийлсэн. 500 мянган жолоочоос татвар авснаар нийтийн тээвэр цэгцэрэх үү гэдэг нь өөр асуудал юм. Татвар нэмэхээс илүүтэй хотын нийтийн тээврийг хөгжүүлэх ёстой гэж Ерөнхий сайд үзэж байна. Он гараад Улаанбаатарт давхар автобус явж эхэлнэ. Нийтийн тээврийг илүү сонголттой, тухтай болгох шаардлага бий.
-НИТХ хэзээ уг асуудлыг хэлэлцэх вэ. Жагсаал тав хоног үргэлжилнэ гэсэн шүү дээ?
-НИТХ-ын хуралдаанаас өмнө гурав хоногийн өмнө өргөн барьдаг. Хотын дарга холбогдох хүмүүстэйгээ уулзаж уг асуудлыг дахин өргөн барина. Үүний дараа дахин хэлэлцэж шийдвэрлэнэ.