Л.Энх-Амгалан: 26+50 сонгуулийн хувилбар бол төгс биш

Л.Энх-Амгалан: 26+50 сонгуулийн хувилбар бол төгс биш

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. 

Тухайлбал, 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: - 26 нэр дэвшигчийн авсан саналыг намд нь тооцож суудал хуваарилах юм байна. Энэ системийг хаана анх хэрэгжүүлж байсан юм бэ. Мажоритар ч юм шиг, холимог ч юм шиг тогтолцоо байна. Саналын хуудас тоолох авто машин чинь олон нэр дэвшигчийн нэртэй саналын хуудсыг тоолох боломжтой юу.

Сонгуулийн хуулийн боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан: -Жижиг мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар төсвийн мөнгө үр дүнгүй зарцуулагддаг гэсэн шүүмжлэл гардаг. Энэ тогтолцоо бол уг шүүмжлэлийг үгүйсгэнэ. Магадлалын хувьд бол сонгогч 26 хүртэл хүнийг сонгох боломжтой. Гэхдээ сонгогчид төөрөлдөх учраас нэг хүнийг л сонгоно гэж үзсэн. Энэ тогтолцоог хаана ашиглаж байсан бэ гэж байна. Холимог тогтолцоогоор сонгууль явуулж байгаа 75 улс бий. Үүний 37 нь хаалттай жагсаалт, 38 нь бидний энэ нээлттэй жагсаалтаар сонгууль явуулж байгаа. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -Энэ тогтолцоогоор сонгууль явуулахад автомат машин саналын хуудсыг тоолох бүрэн боломжтой. Бид туршилт хийж үзсэн. Харин саналын хуудасны тоо нэмэгдэнэ.  Саналын хуудасны тоо дөрөв болж нэмэгдэж байгаа. Жижиг тойргоос нэр дэвшигчдийг сонгох саналын хуудас нэг байна. Харин нам тус бүрийн нэр дэвшүүлсэн 26 нэр дэвшигчээс нэгийг нь сонгох саналын хуудас гурав байх юм. Тэр олон нэр дэвшигчийн нэр гурван саналын хуудсанд багтана гэсэн үг. Ингэхээр сонгуулийн зардал нэмэгдэнэ. Төсөвт нэг саналын хуудсаар тооцож санхүүжилт тусгагдсан байгаа. 

Д.Хаянхярваа: -Намаас том тойрогт 26 хүнийг нэр дэвшүүлнэ. Энэ хүмүүстэй бие даагч өрсөлдөх магадлалтай юу?

Л.Энх-Амгалан: -26 нэр дэвшигчийг сонгох том тойрогт бие даагч нэр дэвших боломжгүй. Бие даагчид 50 гишүүнийг сонгох жижиг тойрогт л өрсөлдөх боломжтой. 2012 оны сонгуулиар ч бие даагч зөвхөн тойрогт нэр дэвшиж байсан. Ер нь бидний энэ хувилбар бол төгс биш. Жижиг намаас нэр дэвшээд олон санал авсан хүмүүс сөрөг талтай байхыг үгүйсгэхгүй.

Д.Хаянхярваа: -Том тойрогт бие даагч нэр дэвшиж болохгүй гэхээр чинь Үндсэн хуулиар заасан хүний эрхийг хязгаарласан алхам болохгүй юу.

Л.Энх-Амгалан: -26 нэр дэвшигчийг сонгох том тойрогт бие даагч нэр дэвшүүллээ гэхэд зохицуулахад хэцүү юм билээ.