Б.Нямтайшир: Шивээхүрэн-Сэхэ боомтоор экспорт хийх ажлыг санаачлан 20 жил зогсолтгүй ажилласны эцэст өнөөдөр үр дүнд хүрлээ /ВИДЕО/

Б.Нямтайшир: Шивээхүрэн-Сэхэ боомтоор экспорт хийх ажлыг санаачлан 20 жил зогсолтгүй ажилласны эцэст өнөөдөр үр дүнд хүрлээ /ВИДЕО/

Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км нарийн царигтай төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн Бямба гарагт /2023.05.27/ эхэлсэн.

Тус бүтээн байгуулалтын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн зөвлөх Сүн Шюэжүнь болон Өмнөговь аймгийн удирдлага болон Гурвантэс сумын төлөөллүүд  хүрэлцэн ирж оролцов.

МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “Яг 20 жилийн өмнө буюу 2003 онд Монголоос анх удаагаа Шивээхүрэн-Сэхэ боомтоор нүүрс экспортолсон. Энэ боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох санаачлаг гаргаж, тус ажлыг эхлүүлж хоёр улсын хооронд болон Засгийн газрын хэмжээнд  шийдвэрлүүлж байсан. Тэр цагаас эхэлж энэ боомтын барилгын ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нүүрсний экспортын 48 хувийг энэ боомтоор гаргаж байна. Өөрөөр хэлбэл 2003 эхэлж Тавантолгой гэж яригдаагүй байх цаг үеэс нүүрс гаргаж байсан гэсэн үг. 2008 онд нарийг царигийн төмөр замыг уурхай хүртэл 47.6 км төмөр зам барих  зураг төсөл бүх судалгааг хийж бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурах гэж байхад харамсалтай нь төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гарсан. Ингээд нарийн царигийн төмөр замаа хойш тавьсан. Үүнээс хойш 15 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид төмөр замын бүтээн байгуулалтыг хийх маш олон оролдлого хийсэн. Уурхай хүртэл нарийн царигийн төмөр зам баригдсанаар танк орж ирчих гээд байгаа бол боомтын хэмжээнд барих санал гаргаж хийлгэсэн. Бас л дэмжлэг аваагүй. Эдийн засгийн ямар ч утга үгүй бүтээн байгуулалтыг хийхгүй гэх асуудал гарч байсан. Гэвч эцэст нь өнөөдөр Монгол Улсын Шивээхүрэн, БНХАУ-ын Сэхэ боомт холбосон төмөр замын ажил эхэлж байгаад маш их баяртай байна. Энэ нь эдийн засагт маш том нөлөө үзүүлнэ.

Энэхүү бүтээн байгуулалт хийгдэж буй Шивээхүрэн боомт Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлж байгаа учир төмөр замаас гадна тээвэрлэлтийн схем явагдана. Ингэхдээ операторгүй, өөрөө жолоодлоготой техникээр 24 цагийн турш тээвэр хийнэ. Энэ нь халдвар өвчин, хил гаалийн асуудалтай үед ч экспорт зогсохгүй давуу талтай. Мөн энэ бүс нутаг 5G сүлжээ нэвтэрвэл илүү олон давуу тал бий болно. Эдийн засаг талаасаа олон талын ач холбогдолтой.

Нөгөө талаас энэ бүсэд есөн уурхай үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр уурхайнууд өөрсдөө чингэлэг тээвэр, төмөр замын тээврийн терминал руу өөрсдийн тээврээр 24 цагийн хугацаанд нүүрсээ тээвэрлэх боломж бүрдлээ. Бид уг боомтын экспортыг 50 сая тоннд хүргэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд ирэх наймдугаар сард Хятадаас 110 кв шугам татаж ашиглалтад оруулах гэж байна. Ингэхдээ мөн дэд өртөөтэй нь татаж байгаа. Үүнтэй холбоотойгоор хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйлс олон байгаа.  Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого гэж гаргасан. Миний мэдэхийн 90 оноос хойш өөр ямар ч Засгийн газар ийм бодлого гаргаж байгаагүй. Иймд тус бодлогыг ААН-үүд маш их талархан дэмжиж байгаа. Үр дүнгүүд ч гарч эхэлж байна. Ингэснээр экспорт нэмэгдэж, валют бий болж, ажлын байр нэмэгдэнэ. Иймд би Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийг их өөдрөгөөр харж байна” хэмээв.

ВИДЕО: