Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ дахь Монгол Улсын статусыг бүрэн эрхт гишүүн болгон нэмэгдүүлэхийг манай улс дэмжиж байна хэмээн ОХУ-аас Улаанбаатар хотод суугаа Элчин сайд Искандер Азизов мэдэгджээ.
“Монгол Улс 2004 онд ШХАБ-ын дэргэдэх ажиглагчийн статус авсан анхны улс болсон юм. Ажиглагч орны хувиар Монгол Улс хэд хэдэн чиглэлээр ШХАБ-тай хамтран ажиллаж байна. ШХАБ дахь Монгол Улсын статусыг бүрээн эрхт гишүүн болгон нэмэгдүүлэхийг бид сайшаан дэмжих болно. Монгол Улс ШХАБ-д бүрэн хэмжээнд оролцох боломжтой бүхий л талыг дэнсэлж, үндэсний ашиг сонирхолд нийцсэн цорын ганц зөв шийдвэрийг гаргана гэж бид найдаж” хэмээн тэрбээр ярьжээ.
“Монгол Улсыг тэнцвэртэй шийдвэр гаргуулахын тулд ШХАБ-ын гишүүн улсууд шаардлагатай мэдээллийг Монголын зохих байгууллагуудад олгодог” хэмээн тэрбээр мөн хэлжээ.
БНХАУ, ОХУ, Казахстан, Тажикистан, Киргиз, Узбекистаны удирдагчид Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг 2001 онд байгуулж байжээ. 2017 онд тус байгууллагын гишүүн орны удирдагчид Энэтхэг, Пакистаныг гишүүнээр элсүүлэх тухай шийдвэрт гарын үсэг зурсан байна. ШХАБ-ын ажиглагч орнуудад Монгол Улсаас гадна Афганистан, Беларусь, Иран улсууд ордог бол түнш орнуудад Азербайжан, Армени, Камбож, Непал, Турк, Шри Ланка улс багтдаг байна.
Эх сурвалж: Mонцамэ агентлаг