Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжлээ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Х.Болорчулуун тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. “Шинэ жил болох гэж байхад юун Үндэсний их баяр наадмын тухай хууль, энэ тийм чухал асуудал мөн үү” гэж гайхах хүмүүс бий байх.

Гэхдээ өнгөрсөн наадмын өмнө баталж хэрэгжүүлэх зорилт тавьж байсан энэ хуулийг Шинэ жил биш юм аа гэхэд Цагаан сараас өмнө батлах ёстой ажээ. Учир нь, Цагаан сарын өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийг үндэслэн Ерөнхийлөгч зарлиг гаргаж уяачдад цол олгодог. Ингэхдээ Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсвэл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, хурдан морь нь зургаан удаа түрүүлсэн, эсвэл 12 удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсвэл 20 удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгодог. Хуулийн зохицуулалат нь ийм.

2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тод манлай уяач цолыг хоёр, манлай уяач цолыг найм, алдарт уяач цолыг 16 хүн хүртсэн. Жилд 26 уяачид улсын цол олгоно гэдэг шагнал хавтгайрч, улсын цолны үнэлэмж буурч байгаагийн илэрхийлэл. Тиймээс уяачдад цол олгох шалгуурыг өндөрсгөх тухай зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийг санаачлагч Х.Болорчулуун тэргүүтэй гишүүд “Үндэсний спортын төрлүүд дундаас улсын баяр наадамд амжилт үзүүлээгүй атал улсын цол хүртдэг буруу жишиг хурдан морины уралдааны төрөлд байсаар байна. Тиймээс уяачдад улсын цол олгох шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх буюу улсын баяр наадам болон гурван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг шигшмэл хурдан морины “Их хурд” уралдаанд түрүүлсэн, эсвэл айрагдсан байх шаардлагыг нэмэх шаардлагатай. Уяачид ч энэ саналыг дэмжиж байгаа бөгөөд морь нь улсын баяр наадамд түрүүлж, айрагдаагүй атал улсын цол хүртдэг байдлыг яаралтай өөрчлөх нь зөв” гэж үзжээ. Мөн хурдан морь унах хүүхдийн насны хязгаарыг өөрчлөх, наадмаар уралдаан дагах машины тоог цөөлөх, хурдан морьдыг сэргээний өндрөөр нь ялгаж уралдуулах гэх мэт олон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулсан нийтлэлийг энд дарж уншина уу.