Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайг Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар "Номин холдинг" ХХК-д олгогдсон байдаг. Энэ асуудлаар тус газрын ойролцоох оршин суугчид болоод "Номин холдинг" ХХК-н хамгаалалтын бололтой залуусын дунд нилээдгүй маргаан, мөргөлдөөн болсон. Иргэд өнөөдрийг хүртэл газраа хамгаалсаар байгаа юм.
Харин энэ сарын 28 ны өдөр буюу өнгөрөгч мягмар гаригт Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан оршин суугчидтай уулзан тэрхүү газрыг ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулж, газрын маргааны асуудлыг шийдвэрлэнэ гэж мэдэгдлээ хэмээн Хан-Уул дүүргийн Тамгын газраас мэдээлсэн.
Тэгвэл байдал газар дээрээ өөр байгаа бололтой. Учир нь “Номин Холдинг” ХХК-иас өнөөдөр тус газарт барилга барихыг эсэргүүцэж буй оршин суугчидтай уулзах зар тараасан байна. Уулзалт тус компанийн “Номин юнайтед” их дэлгүүрийн 6 давхарт болох ажээ.
Нэгэнт газрын зөвшөөрлийг нь цуцлана гэж хотын захирагч С.Амарсайхан мэдэгдсэн байхад тус компаниас ийнхүү уулзалт зарлах шаардлага юу байна. Эсвэл хотын дарга С.Амарсанаа "Номин холдинг" ХХК-ныханд “Оршин суугчидтай зохицож, хэл амаа ололцвол газрын зөвшөөрлийг чинь цуцлахгүй байя” гэсэн юм биш биз гэсэн хардлага байгаа ажээ.
Учир нь өнөөдрийг хүртэл тус газрын зөвшөөрлийг хотын захирагч С.Амарсайхан цуцлагдаагүй байгаа ажээ.
Мөн өнөөдөр зарим иргэдийг дайлж, гарын бэлэг гардуулаад "Номин холдинг" ХХК-ны барилгын ажлыг дэмжсэн гарын үсэг зуруулж, олонх нь зөвшөөрсөн гэж газар булааж магадгүй гэсэн хардлага ч байгаа ажээ.