Говь-Алтайн засаг дарга 12 барилга хувьчилж, хууль бус томилгоо хийсэн нь тогтоогдсон учир ИТХ-ын гишүүд огцрохыг шаардлаа

Говь-Алтайн засаг дарга 12 барилга хувьчилж, хууль бус томилгоо хийсэн нь тогтоогдсон учир ИТХ-ын гишүүд огцрохыг шаардлаа

Говь-Алтай аймгийн Засаг дарга, ИТХ-ын гишүүд хууль зөрчсөн асуудлаар ИТХ-ын тэргүүлэгч, зарим төлөөлөгч мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Бидний зүгээс Говь-Алтай аймгийн засаг даргын хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл хийх зорилготой хурал зохион байгуулсан. Засаг дарга О.Амгаланбаатарын хувьд хэд хэдэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн. Ингэхдээ 115 төрийн алба хаагчийг хууль зөрчиж одоог хүртэл ажиллуулж байна. Хамгийн ноцтой нь аймгийн төрийн албаны хамгийн өндөр албан тушаал буюу орон нутагт төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх ёстой. Аймгийн тамгын газрын дарга нь хүртэл хууль бусаар ажиллаж байна. Мөн зургаан удирдах албан тушаалтан төрийн албаны шалгалтаар очиж хууль зөрчин ажиллаж байна. Эдгээр хүмүүсээ чөлөөл гэж албан ёсны үүрэг өгснөөр хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд чөлөөлөгдөөгүй. Мөн түрүү жилийн гуравдугаар сард  дээрх албан тушаалтнуудыг Төрийн албаны зөвлөлөөс томилсон шийдвэр хүчингүй болсон. Гэвч одоог хүртэл хэвийн ажиллаж байна.

Дараагийн асуудал нь Төрийн хэмнэлтийн хууль болон төсвийн хуулийг ноцтой зөрчсөн. Татвар төлөгчдийн хөрөнгөөр 1.5 тэрбум төгрөгөөр ашиггүй зарцуулсныг баримттайгаар тогтоосон. Жишээ нь Ноднин зун зохион байгуулсан ганц бие залуусын чуулга уулзалт байгаа юм. Энэ уулзалтад 135.9 сая төгрөгийг зарцуулсан. Мөн зочид төлөөлөгчдийг хүлээж авах баяр ёслолын арга хэмжээ гэж 79 сая төгрөг зарцуулсан байна.

Түүнчлэн Төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилж авч байгаа асуудал гарсан. Энэ хүрээнд 2022 онд 12 барилгыг өмчилсөн. Дээр нь 68 автомашин хувьчилснаас 33 автомашиныг нь эзэмшигч нэрийн дор заримыг нь нэг сая төгрөгөөр хувьчилж авсан асуудал гарсан. Энэ бүх хувьчлалыг аймгийн иргэдийн төлөөлөгчид, засаг даргын орлогч гэх хүмүүс хийсэн байна. Бидний ярьж байгаа зүйлс бүгд баримт нотолгоотой. Тиймээс холбогдох байгууллагуудад нь өгч дүгнэлт нь гарсан байгаа. Мөн эдгээр үндэслэлүүд нь аймгийн засаг даргыг огцруулах үндэслэл болно гэж үзэж байна. Тиймээс засаг дарга огцрох хүртэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ” гэлээ.