БНХАУ-ын Жухай хотод 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 1-нд болсон Олон улсын ой тогтоолтын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 орны 167 тамирчин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээнд манай улсыг төлөөлөн Оюун ухааны академийн 14 тамирчин багш, дасгалжуулагч нар оролцон 16 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу боломжит 90 медалиас нийт 53 медаль хүртэв.
Өсвөр насны ангилалд Азийн Мастер Б.Энхбаясгалан "Түүхэн үйл явдал" төрөлд 5 минутад 133 үйл явдал, Бага насны ангилалд Азийн Мастер Б.Жамбалбаряням "Зураг" төрөлд 5 минутад 333 зураг, Азийн Мастер Ш.Наранбат "Түүхэн үйл явдал" төрөлд 104 үйл явдал тогтоон тус тус дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт Монгол Улс (21308 оноо), хоёрдугаар байрт БНХАУ (15078 оноо), гуравдугаар байрт Герман улс (14607 оноо) шалгарсан байна.
Энэ жил тамирчид хоёр том холбооны тэмцээнд оролцож байгаа бөгөөд хамгийн том холбоо болох Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны тэмцээнд оролцохоор өнөөдөр Үхань хотыг зорино гэж Монголын Оюун ухааны академиас мэдээлэв.Ташрамд мэдээлэхэд, Монголын Оюун ухааны академийн тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонези, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 56 дахь тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 1057 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.