БНСУ-д суралцаж буй оюутан залуус интернэт ажлын зарын дагуу цахим залилангийн гэмт хэрэгт ашиглагдаж, улмаар санаатай болон болгоомжгүйгээр цахим гэмт хэргийн хохирогч болж, ял эдэлж эрүүгийн хариуцлага хүлээж буй талаар БНСУ-д суугаа ЭСЯ-наас удаа дараа анхааруулсан.
Тэгвэл бага цагаар ажиллах, өндөр цалин амласан ажлын зарын дагуу ихэвчлэн солонгол хэл сурсан. Сургуулиа төгсөж удахгүй эх орондоо ирэх гэж буй монгол оюутан залуус холбогдож улмаар хэдэн жилийн хараар даруулж цаашлаад ял эдлэх тохиолдол гарсаар байна. Иймд бид дээрх хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэнтэй ярилцаж, сэрэмжлүүлэх үүднээс хэд хэдэн тохиолдлыг тодрууллаа.
ВИДЕО:
2022 онд манай улсын 1,129 иргэн БНСУ-д гэмт хэрэг зөрчилд холбогдсоноос танхай, бусдын эрх чөлөөнд халдах /305/, зам тээврийн аюулгүй байдлын тухай хууль зөрчих /224/, хулгайн /115/ гэмт хэргүүд зонхилж байгаа бол сүүлийн жилүүдэд цахим залилан болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт оюутан залуус холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж тохиолдол нэмэгдсээр байна. Тэр дундаа БНСУ-д сурч боловсрох зорилгоор очсон оюутан залуус солонгос хэлийг эзэмшсэн байдаг тул интернэт ажлын зарын дагуу цахим залилангийн гэмт хэрэгт ашиглагдаж байгааг албаны эх сурвалжууд хэллээ.
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн Дэд консул Г.Оюун-эрдэнэ ““Voice phishing” буюу цахим залилангийн гэмт хэрэгт манай улсын иргэд холбогдох явдал сүүлийн жилүүдэд тасрахгүй байна. Иргэд хууль бус замаар олсон мөнгө, хохирогчдын мөнгийг тээвэрлэх, данс, утасны дугаараа ашиглуулах гэмт хэрэгтнүүдэд өөрөө мэдэлгүйгээр тоног төхөөрөмж байрлуулахад нь туслах хууль бус замаар олсон мөнгө гэдгийг нь мэдэлгүйгээр тээвэрлэх зэрэг замаар ашиглагдаж байна. Энэ гэмт хэргийн гол онцлог нь гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд Солонгос улсын нутаг дэвсгэрээс гадна өөр гуравдагч улсын нутаг дэвсгэрт холбогдож гэмт хэрэг үйлдэж бусдыг залилан мэхэлдэг учраас энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэлтэй байгаа. Тэгэхээр иргэдийн хувьд өндөр цалин амласан цагийн ажлын зараар ажил хийхдээ ажил олгогчоо сайн шалгах замаар урьдчилан сэргийлэх боломжтой” гэсэн юм.
БНСУ-д цахим залилан буюу /voice phishing/-ийн гэмт хэргийн гаралт нэмэгдэж энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч бүлэглэлийн үйл ажиллагаанд манай улсын иргэд өртөх, ашиглагдах явдал гарсаар байна. Иймд бид уг хэрэгт санаандгүйгээр холбогдсон Монгол Улсын иргэнтэй холбогдож сэрэмжлүүлэх болсон явдлыг тодрууллаа.
Хохирогч Б “Би одоо 20 настай. Солонгос улсад ирээд дөрвөн жил болж байна. Одоо их сургуулийн төгсөх курсийн оюутан. Би анх 2022 оны наймдугаар сард интернэт ажлын зараас өндөр цалинтай ажил хайж байхдаа хувцасны судалгаа хийдэг ажил олсон. Хувцасны судалгаа хийдэг ажил нь их дэлгүүрээр явж судалгаа хийж, ажил олгогчийнхоо хэлснээр зураг дарж явуулдаг байсан. Би ажил олгогчтойгоо нэг ч удаа нүүр тулж уулзаж байгаагүй. Дандаа цахимаар холбогддог байсан. Тэгээд нэг өдөр би их дэлгүүрт зураг авч, ажлаа хийгээд явж байх үед ажил олгогч маань цахимаар холбогдож “Чиний явж байгаа дэлгүүрт манай компанийн нягтлан явж байгаа юм байна. Манай компанийн өөр нэг ажилтанд мөнгө дамжуулж өгөх гэсэн боловч нөгөө хүн нь завгүй байгаа учир гарч авч чадахгүй байна. Чи аваад дамжуулаад өгөөч” гэсэн. Тиймээс би хэлснээр нь мөнгийг авч дамжуулж өгсөн. Гэвч тэр мөнгө нь нягтлангаас биш хохирогчоос авч байгаа хууль бус мөнгө байсныг дараа нь мэдсэн. Тэгээд энэ хэрэг 2023 оноос шалгагдаж эхэлсэн. Одоо хүртэл цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэж, бүртгэгдээд явж байна. Энэ хэрэгт би өөрөө хууль бус гэдгийг нь огт мэдэх боломжгүйгээр үйлдсэн гэдэг үүднээс консулын газраас намайг өмгөөлж байгаа. Мөн ар гэрийн хүсэлтийг хүлээн авна гэсэн. Хэрэг яаж төгсөж би ял авах үгүйг мэдэхгүй. Ямар ч байдлаар төгссөн байсан би хэрэг үйлдсэн учраас надад хэрэгтэн гэдэг бүртгэл үүснэ. Энэ нь миний цаашдын амьдралд маш том бэрхшээл, маш том хар нүх болж үлдэж байна” гэв.
БНСУ-ын Статистикийн байгууллагаас гаргадаг тоо мэдээллээр жилд дунджаар Монгол Улсын 1000 орчим иргэн түр болон урт хугацаагаар БНСУ-д зорчих үедээ гэмт хэрэг зөрчилд холбогдож, шалгагддаг. Хэдийгээр жил ирэх бүр гэмт хэрэг зөрчилд холбогдох Монгол Улсын иргэдийн тоо бага хэмжээгээр буурч байгаа боловч Монгол Улсын Статистикийн Үндэсний хорооноос гаргасан аймгуудад бүртгэгддэг гэмт хэргийн дунджаас даруй 2,5 дахин өндөр байгаа юм.
Сүүлийн жилүүдэд БНСУ-д суралцаж буй оюутан залуус цахим залилан болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байна. Иймд БНСУ-д оршин суугаа манай иргэд интернэт зарын дагуу олсон цагийн ажил хийх тохиолдолд ажил олгогчийг сайтар судалж, нягтлах, бэлэн мөнгө, сэжигтэй эд зүйлсийг дамжуулах болон тээвэрлэхээс болгоомжлох, гэмт хэрэгт ашиглагддаг хууль бус техник, тоног төхөөрөмж суурилуулах ажилд туслахгүй байх, өөрийн амьдарч байгаа орон байрандаа тодорхой бус тоног төхөөрөмжийг төлбөр авах нөхцөлтэйгөөр байршуулахгүй байх, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байх зэргээр дээрх төрлийн гэмт хэрэгт ашиглагдах, хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.