Л.Ганхөлөгийн зорчих бүсийг Сүхбаатар дүүрэг болгож өөрчилсөн бол Б.Билгүүнд холбогдох материалыг прокурор хянаж байна

Л.Ганхөлөгийн зорчих бүсийг Сүхбаатар дүүрэг болгож өөрчилсөн бол Б.Билгүүнд холбогдох материалыг прокурор хянаж байна

Иргэн Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдний оршин суугаа газраас нь өөр газарт эдлүүлсэн, гэртээ очиж чадахгүй байгаа, мөн энэ талаар гаргасан хүсэлтийг нь прокурор шийдвэрлэхгүй удаашруулж байна гэх агуулгатай мэдээллийн мөрөөр Нийслэлийн прокурорын газраас холбогдох асуудлыг тодрууллаа.

Б.Билгүүн, Л.Ганхөлөг нараас “шүүхийн шийтгэх тогтоолд заасан хаяг болох Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт амьдрахаа больсон, Сүхбаатар дүүрэгт оршин суух болсон” тул зорчих бүсийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өөрчлөн тогтоолгох талаар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх тухай саналыг Баянзүрх, Баянгол дүүргийн прокурорын газарт тухайн өдөр нь ирүүлсэн талаар өмнө мэдээлсэн.

Прокурор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн баримт материалыг хянаад дутуу, тухайлбал, гэр бүлийн байдалд нь ямар өөрчлөлт орсны улмаас шүүхээс тогтоосон газар амьдрах боломжгүй болсон, шилжин амьдрах болсон газартаа ямар шаардлагаар амьдрах болсон зэргийг нотлох баримт ирүүлээгүй байсан учраас нэмж тодруулахаар 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт буцаасан.

Тус газраас шийдвэр гаргахад шаардлагатай материалуудыг нэмж бүрдүүлэн, 5 сарын 03-ны өдөр дахин санал гаргаж ирүүлснийг прокуророос хянаад, Л.Ганхөлөгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гархыг хориглож эдлүүлэхээр өөрчлөх шийдвэрийг тавдугаар сарын 04-ний өдөр гаргасан байна.

Харин Б.Билгүүнд холбогдох материалыг прокурор хянаж байна. Хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ гэж прокурорын байгууллагаас мэдээллээ.