МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга Д.Ганболдыг Бага хурлын гишүүнээс хассан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнтэй хамт Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнийг мөн хассан юм. Тэднийг ганц МАН-ын Бага хурлын гишүүнээс хасаад зогсохгүй Чингэлтэй дүүргийн намын сонгуульт ажлаас чөлөөлсөн байгаа юм. “Намынхаа дүрмийг удаа дараа зөрчсөн” гэх үндэслэлээр тэднийг хассан гэж буй.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганболд энэ талаар "Би ямар нэгэн байдлаар намын дүрмийг зөрчөөгүй. Юм хийсэн намын гишүүн эсвэл дүүргээ чичилж байгаа бол нам дарангуйлагч болж байгаа юм болов уу даа. Үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрх чөлөө. Цөөнхөө сонсоод олонхоороо шийдвэр гаргах бодлогыг алдаа гэж байгаа бол надад хэлэх үг алга. Нэртэйгээр нь хөөчихвөл сайн байхгүй юу. Чингэлтэй дүүргийн МАН нэг ч ялагдаж байгаагүй гэдгийг та бүхэн ойлгох ёстой юм" гэсэн тайлбарыг өгсөн.
-Т.АЮУРСАЙХАН Д.АМАРБАЯСГАЛАНГААР ХАМГААЛУУЛЖ
ЧИНГЭЛТЭЙ МАН-ЫН ДАРГАД ӨРСӨЛДЖЭЭ-
Тэгвэл МАН-ын Хяналтын хорооны дээрх учир битүүлэг шийдвэрийн цаана улс төрийн эрх ашиг, томоохон “зодоон” явж байгаа талаар тус намынхан ярьж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Чингэлтэйн намын хороог эрх мэдэлдээ авахаар хөдөлж, дарга болохоор үүрийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар дэмжиж хүч хавсаргасан байна. Тэд төлөвлөснийхөө дагуу саяхан Чингэлтэй дүүргийн үүрийн хурлыг зохион байгуулж энэ үеэр Т.Аюурсайхан, Д.Ганболдтой дүүргийн намын даргын албан тушаалд өрсөлджээ.
Гэтэл үүрийн гишүүдийн саналаар Т.Аюурсайхан ялагдаж, Д.Ганболд нь ялжээ. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүн Д.Ганболдыг Бага хурлын гишүүнээс хөөх шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна.
2020 оны сонгууль мажоритор системээр явагдана. Тэр дундаа 26 том, 50 жижиг тойрогт УИХ-ын сонгуулийг явуулах санал дээр МАН урьдчилсан байдлаар тогтоод байгаа. Тэгэхээр гишүүд дүүргийн намын дарга болох тэнд өөрийнхөө эрх мэдлээ тэлэх шаардлагатай байгаа учраас ийнхүү өрсөлдөөн ширүүсч эхэлсэн байна.
МАН-ЫН ШИЙДВЭР АЛБАН БИЧГЭЭР