УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.УИХ-аас 2018 оны тавдугаар сард Баяжуулсан хүнсний тухай хуулийг батлан зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбоотой харилцааг зохицуулах болсон. Уг хуулийг батлахаас өмнө зөвхөн хүнсний давсыг иодоор баяжуулах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж байсан юм. Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардаж буй Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: -Байгаль хамгаалах асуудал орон нутгийн иргэдийн үндсэн асуудал. Тусгай хамгаалалттай газар гээд нутгийн иргэдээс салгаад байдаг. Нутгийн иргэд байгаль хамгаалах, түүний дагалдах баялгийг зохистой ашиглах тал дээр оролцож чаддаггүй. Орон нутгийн байгаль орчны захиргаатай хамтарч ажиллах тал дээр муу байдаг. Энэ асуудал орж байна уу. Орон нутагт орлого төвлөрүүлэх чиглэлээр өөрчлөлт хийгдэж байна уу?
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат-Шат шатанд хүндрэл байгаа. Орон нутгийн удирдлагууд асуудал үүсгэдэг. Тухайн байгууллагатай хариуцлага тооцож чаддаггүй. Урт нэртэй хууль дээр хамгаалалтын бүсийг тусгайлан зааж өгсөн. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого орон нутагт хангалттай байгаа. Гэхдээ тухайн орон нутаг зарцуулах тал дээрээ муу байгаа.
Ингээд чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойш үргэлжлүүлэн дээрх асуудлыг хэлэлцэнэ.