Коины маргаанаас үүдэж 48 настай эмэгтэйг хөнөөсөн хэрэг БНСУ-д гарчээ

Коины маргаанаас үүдэж 48 настай эмэгтэйг хөнөөсөн хэрэг БНСУ-д гарчээ

БНСУ-ын Сөүл хотод 48 настай эмэгтэйг хулгайлж, зүй бусаар хөнөөсөн хэрэг гарсан байна.

Тодруулбал, БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт өнгөрсөн сарын 29-ний орой 48 настай эмэгтэйг хүчээр машинд суулгаж явсан нь хяналтын камерт бичигдэж үлджээ. Цагдаагийн байгууллагаас дуудлага мэдээллийн дагуу хурдан шуурхай ажиллаж хоёр хоногийн дараа буюу гуравдугаар сарын 31-нд хэрэгтнүүдийг барьж, эмэгтэйн цогцсыг Тэжон дүүрэг орчмоос олсон аж. Одоогоор нийт долоон хүнийг аллагын хэрэгт холбогдуулан шалгаж, шүүх байгууллагад шилжүүлээд байгаа юм байна.

Тэгвэл уг хэрэг коины маргаанаас үүдэлтэй бөгөөд хуулийн цоорхой ашиглан луйвар хийж буй этгээдүүдийг илчилснийхээ төлөө хохирогч эмэгтэй бусдын гарт зүй бусаар амиа алджээ. 

Bitcoin, Ethereum зэрэг дижитал хөрөнгийн нэр хүнд өсөхийн хэрээр криптовалюттай холбоотой залилангийн хэрэг нэмэгдэж буй хэдий ч АНУ, Япон зэрэг орнуудаас ялгаатай нь Солонгост одоогоор криптовалютын хөрөнгө оруулагчдыг хамгаалахад чиглэсэн зохицуулалт огт байхгүй байгаа талаарх мэдээллийг БНСУ-ын "Korea Postsen" мэдээллийн сайтад мэдээлжээ. 

Сэтгүүлч Т.Бямбажаргал