УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн батлав. Ингэснээр, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын байр барихад шаардлагатай барааны импортын татварыг буцаан олгох юм.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Эксим банк хооронд байгуулсан нэг тэрбум 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжид шаардагдах дотоодын аж ахуйн нэгжээс хангагдах боломжгүй импортоор оруулж ирэх бараа, материалын Гаалийн албан татварыг хөнгөлж, дараа жилийн эхний улиралд багтааж буцаан олгохоор хуулийн төсөлд боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байгаагүй тул санал хураасан юм. Хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.
Мөн чуулганаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн олонх дэмжиж, батлав.