Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, авто замын уулзварт байрлах “Торгоны зам” хөшөө цогцолбор буюу иргэдийн мэддэгээр "Тэмээтэй хөшөө"-г энэ сарын 7-ны өдөр бурантаглажээ.
Тодруулбал, Увс аймгийн Малчин сумын харьяат иргэн Ц.Хунжав түүний гэргий Ч.Долгормаа нар "Монголчууд эртнээс тэмээгээр жин тээж ирсэн. Одоо ч баруун аймгуудад тэмээгээр нүүдэл суудал хийж байна. Нийслэл рүү жин тээн орж байгаа тэмээн жингийн цуваа бурантаггүй байж болохгүй" хэмээн үзэж, 20 кг тэмээний зогдроор 70 метр олс томож, ийнхүү бурантаглажээ. Харин энэхүү үйл явдлыг зарим иргэд "Оюуны өмчид халдсан үйлдэл" хэмээн тайлбарлаж байгаа юм.
Тэгвэл энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас "Тэмээтэй хөшөөний оюуны өмчийг уран бүтээлч Ё.Далх-Очир эзэмшдэг. Тиймээс хөшөөг холбож бурантаглах асуудлыг уран бүтээлчээс зөвшөөрөл авах ёстой гэдгийг сануулсан" гэлээ. Сонирхуулахад, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх тус хөшөөний тэмээ тус бүр нь 350 см өндөр, 520 см урт, 260 см өргөнтэй юм байна. Цогцолборыг “Хөх Нар” контемпорари төвийг 2002 онд үүсгэн байгуулж байсан уран бүтээлч Ё.Далх-Очир 2015 онд урлажээ.