Сонгинохайрхан дүүрэгт гурван залуу угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр /2023.04.10/ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 30-35 насны гурван залуу нэгнийхээ гэрт угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тухайн өдөр цаг агаарын нөхцөл байдал хүнд цасан шуурга шуурч байсан бөгөөд амь хохирогч залуус галлагаанаас шалтгаалан амь насаа алдсан байж болзошгүй байгаа аж. Тус хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Тавантолгой түлш"-ийн нүүрсний чанар энэ жил маш муу, нойтон гарч байгаагаас угааржилт үүсэх болсон байна. Энэ нь ч гурван залуу нас барах шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй гэсэн юм.
Мөн хуулийн байгууллагаас эл хэргийг шалгаж байгаа учир шалтгаан нөхцөлийг эцэслэн тогтоох хүртэл мэдээлэл өгөх байхыг сануулжээ. Амь хохирогч залуусын үхлийн шалтгаан үнэн зөвөөр гарахгүй, нэр төр нь сэвтэж хохирсон дээрээ хохирч үлдэх вий гэх болгоомжлол ч байгаа аж. ЖИЧ: Галлагааны улирал дуусах дөхөж байгаа энэ үед иргэд магадгүй анхаарал болгоомжоо сулруулснаас үүдэн угаартаж нас барах тохиолдол цөөнгүй гардаг тул сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.