"Улсад 112 саяын хохирол учруулсан" гэж Д.Мөнх-Эрдэнэд ял өгсөн шүүгч, улсыг хэдэн тэрбумаар хохироож, авлига авсан дарга нарыг одоо хорих уу

"Улсад 112 саяын хохирол учруулсан" гэж Д.Мөнх-Эрдэнэд ял өгсөн шүүгч, улсыг хэдэн тэрбумаар хохироож, авлига авсан дарга нарыг одоо хорих уу

Энэ долоо хоногт Т.Бадамжунайг монголд авчирсан, Д.Монголхүүд оноосон хязгаарлалт тогтоох ялыг хорих ялаар сольсон гээд олон үйл явдал өрнөсөн долоо хоног болон өнгөрч байна. Харин нөгөө “хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэгчлэн лайвчин Д.Мөнх-Эрдэнийг консул байхдаа албан тушаалаа урвуулсан, бусдад авлига өгсөн, худал мэдээлэл түгээсэн гэсэн үндэслэлээр шүүж, 3 жил 10 сарын хорих ял оногдууллаа.

-Д.МӨНХ-ЭРДЭНЭ КОНСУЛ БАЙХДАА ТОМ БАЙРАНД АМЬДАРЧ, ОНГОЦООР НИСЭХ ЗЭРГЭЭР УЛСЫГ 112 САЯ ТӨГРӨГӨӨР ХОХИРООСОН ХЭМЭЭН БУРУУТГАВ-

Учир нь Гадаад улсад суух консулууд 30-60 метр квадрат байр түрээслэн амьдрах ёстой аж. Гэтэл Д.Мөнх-Эрдэнэ 2016 оноос БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулоор ажиллахдаа ӨМӨЗО-ы "Сайхан" дүүрэгт, том метр квадрат орон сууц түрээслэн эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч улсыг хохироож. Мөн Д.Мөнх-Эрдэнэ хоёр хүүхдээ ӨМӨЗО-ы Хянган замын дунд сургуульд суралцуулж "Сургалтын төлбөр" хэмээн 42 мянган юань буюу 15 сая төгрөгийг төсвийн хөрөнгөөс гаргуулан эхнэртээ шилжүүлж.

Бас Д.Мөнх-Эрдэнэ консулоор ажиллах хугацаандаа галт тэргээр биш онгоцоор нисэж, консулоор ажиллах хугацаандаа улсад нийт 112 сая төгрөгийн хохирол учруулсан болохыг прокурор яллах дүгнэлтдээ дурджээ.

Д.Мөнх-Эрдэнийг буруутгасан бас нэг үндэслэл нь иргэн О-г ор үндэслэлгүй гүтгэж, “төрийн янхан” хэмээсэнд О гомдол гаргажээ. Энэ талаар УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Нямдоржоос нь мэдүүлэг авч. Ц.Нямдорж мэдүүлэгтээ, Тэр хүн миний нууц амраг гэж юу байх вэ дээ. Таних төдий л нэгэн” гэжээ. Мөн түүнийг Гадаад харилцааны яамны гадна хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр буруутгажУлмаар нөгөө нэг үндэслэл нь “Евро сервис" ХХК Богдхан уулын Залаатын аманд эзэмшдэг 0.35 га газрын эрхийг сунгуулахдаа УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга /асан/ Б.Эрдэнэбаярт хахууль өгсөн хэмээн буруутгажээ. Энэ бүхэнд үндэслэн Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сарын хорих ял оногдуулсан нь нөгөө “хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг нь л боллоо хэмээн зарим иргэд эсэргүүцэж байгаа юм.

-УЛСАД ОЛОН ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ИРГЭДИЙГ Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ АДИЛ ХОРИХ УУ-

Д.Мөнх-Эрдэнэ Хөх хотод консулаар ажиллахдаа том метр квадрат орон сууцад амьдарч, онгоцоор монголд ирж улсаа хохироосон юм бол, гадаад явахдаа онгоцны vip суудалд сууж зорчдог, эх үүсвэр нь тодорхойгүй гадаадад орд харш авсан дарга нараа ч адилхан шалгах хэрэгтэй. Мөн гадаадад элчин, консулаар ажиллаж буй МАН-ын дарга нарын хүүхдүүд ямар байранд амьдарч, ямар сургуульд сурч, эхнэртээ хэдэн төгрөг өгч улсаа хэрхэн хохироож байгааг ч шалгаад тогтоочих хэрэгтэй. Учир нь хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой.

Нөгөө талаар Д.Мөнх-Эрдэнэ улсад 112 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр 3 жил 10 сарын хорих ял авч байгаа бол, авлига албан тушаалын хэрэг нь илэрч улмаар прокурортой ял тохиролцож “хялбаршуулах” журмаар торгуулаад өнгөрсөн МАН-ын гишүүдийг ч хорих ялаар шийтгэх хэрэгтэй.

Тодруулбал, ЖДҮ-ийн хэрэгт буруутгагдаж, өөртөө 3 тэрбумын зээл авч, бусдад 8.6 тэрбум төгрөг олгосон гэх ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялыг шүүхээс оногдуулсан. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа Эрдэнэ Монгол ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Улмаар түүнийг 40 сая төгрөгөөр торгож шүүхээс шийдвэрлэсэн. Цаашлаад “нүүрсний хулгай”-н хэрэгт нэр холбогдож УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ нар ч өдгөө гадуур байцаагдаж, сул чөлөөтэй явна.

Үндсэндээ, энэ бүхэн хууль хүн бүрд тэгш үйлчилдэггүй, шүүгч шийдвэрээ ялгамжтай, хөндлөнгөөс түүнд нөлөөлдөг байж болзошгүйг илтгэж байгаа юм. Энэ бүхэнд Л.Оюун-Эрдэнэ, “Шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг харцгаая” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Үнэндээ энэ бүхэн шүүхийг “шилэн” болгох шаардлагатайг илтгэж байгаа юм.