АНУ-ын Монтана мужийн агаар мандалд өнгөрөгч хоёрдугаар сард /2023.02.01/-т Хятадын ажиглалтын гэх бөмбөлөг гарч ирснийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар сөнөөгч онгоцноос пуужин харваж, Атлантын далайн эрэг орчимд унагасан нь нэг хэсэг дуулиан дагуулсан билээ. Тус бөмблөгийг АНУ-ын тал "тагнуулын зориулалттай" хэмээн тайлбарлаж байсан юм.
Тэгвэл дээрх үйл явдалтай төстэй гэж болох явдал саяхан манайд ч тохиолдож, Монгол Улсын хилийн зурваст хятад бичигтэй, үл мэдэгдэх агаарын хоёр бөмбөлөг буусан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймаг болон Дорноговь аймгийн хилийн цэргийн хариуцсан улсын хилийн зурваст Хятад бичигтэй, томоохон хэмжээний агаарын бөмбөлөг буусныг хилийн цэргийнхэн илрүүлсэн байна. Улмаар тус агаарын бөмбөлгийг нарийн судлуулахаар хилийн цэргийнхэн Тагнуулын байгууллагад шилжүүлжээ. Бид энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Ташрамд өгүүлэхэд, АНУ-ын Монтана мужийн агаар мандалд Хятадын ажиглалтын бөмбөлөг гарч ирснийг Хятадын тал “Цаг уурын судалгаанд ашигладаг агаарын бөмбөлөг бөгөөд цаг агаарын таагүй байдлаас болж замаасаа хазайсан. АНУ ийм тохиолд хүч хэрэглэхгүйгээр тайван, мэргэжлийн байдлаар зохих ёсоор хандах ёстой байсан ч тэд бөмбөлгийг сөнөөсөн нь хэтэрсэн хариу үйлдэл” гэж мэдэгдсэн байдаг. Харин АНУ-аас "Бөмбөлөг нь гурван автобусны хэмжээтэй, тандалтын технологиор тоноглогдсон ачаа тээвэрлэж явсан. Нууц мэдээлэл цуглуулахаас хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авсан" гэдгээ илэрхийлсэн. Улмаар Вашингтон, Бээжингийн харилцааг бэхжүүлэх зорилготой АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений Хятадад хийхээр төлөвлөж байсан айлчлал ч цуцлагдан юм.
Харин манай улсын газар нутгаас саяхан олдсон хятад бичигтэй агаарын бөмбөлөг нь яг ямар зориулалттай гэдгийг нь мэргэжлийн байгууллагууд шинжлэн судалж байгаа ажээ.