Талийгаач охины аав: Эмч нар охиныг минь буруу оношилж, амь насыг нь хөнөөчхөөд дур мэдэн задлан шинжилгээ хийсэн

Талийгаач охины аав: Эмч нар охиныг минь буруу оношилж, амь насыг нь хөнөөчхөөд дур мэдэн задлан шинжилгээ хийсэн

Эмнэлгийн буруугаас болж амиа алдсан гурван настай охины аав тэмцлийн хэлбэрт шилжих тухайгаа мэдэгдлээ.

Талийгаач охины аав Г.Энхбилэг “БГД-ийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны нэгдүгээр сарын 07-ны /2023.01.07/ өдөр ханиад, хатгаагаа эмчлүүлэхээр очсон охиныг минь “Гэдэсний ханиад” хэмээн буруу оношилж, долоо хоногийн дараа нас барсан. Би одоо эмнэлэгт хандахаас айж байна. Гурван настай охиныг минь хөнөөчихлөө.

Охин минь эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш гуравдахь өдрөө антибиотик солилоо гээд тухайн тариаг тарьж байхад бөөлжиж, бие нь эрс муудаж, хэвтэрт орсон. Гэтэл эмч нар хүүхэд чинь анх ирэхдээ хэвтэрт орсон, муу ирсэн гэж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны /2023.01.07/ өдөр 14:00 цагийн орчимд гэрээсээ гараад БГД-ийн Нэгдсэн эмнэлэг рүү явах үеийн камерын бичлэгийг давхар хавсаргасан. Охин минь аавдаа тэврүүлээд зүгээр очсон. Мөн охиныг минь чихрийн шижинтэй, маш их суурь өвчтэй, хэл ярианы хоцрогдолтой, махлаг гэх мэт худал мэдээллийг өгсөн.

БГД-т өнгөрсөн өвөл ханиадыг гэдэсний ханиад гэж хүндрүүлсэн зургаан тохиолдол гарсан байна. Эмч нар миний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийсэнд маш их гомдолтой байна. “Би охиныхоо биед мэс хүргэхгүй, бүтэн биеэр нь нутаглуулна. Ямар нэг журам байдаг бол журмынхаа дагуу эцэг, эхээс нь зөвшөөрөл аваарай” гэж моргийн эмч нарт захисан. Гэтэл гаргахын өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 18-нд /2023.01.18/ Буян-Өлзий эмч 18:00 цагийн үед “Манай эмч нар ажлын хариуцлагагүй байдлаас алдаж, задлан шинжилгээ хийсэн байна, уучлаарай” гэж хэлсэн. Би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Одоо гомдол гаргаж хэрэг үүссэн шалгагдаж байгаа.

Охиныхоо эмнэлэгт хэвтэх үеийн эхний гурван өдөр ээжтэйгээ уулзаад алхаад явж байгаа эмнэлгийн хяналтын камерын бичлэг байгааг шүүж өгөхийг байцаагчаас нотолгоо болгож авч өгнө үү гэсэн. Гэтэл эмнэлгийн зүгээс “Манай эмнэлгийн камер ажилладаггүй” гэх хариуцлагагүй хариултыг өгсөн. Эмгэг судлалын хариу гарахгүй удаад өөрийн биеэр сар шинийн битүүний урд өдөр очиход “Танай хүүхдийн хариу нэгдүгээр сарын 14-нд /2023.01.14/ гарсан. Албан тоот ирээгүй” гэсэн. Байцаагчид эмгэг судлалын хариу ирсэн тухай хэлэхэд явсаар байгаад гуравдугаар сарын сүүлээр ирсэн. Би энэ хариуцлага алдсан эмнэлэгтэй тэмцэж, охиныхоо амийг нэхнэ. Тэр эмнэлгийн багаж хэрэгсэл ихэнх нь ажилладаггүй, гацдаг, би өөрөө бариад, хэлж ярьж байж хэвийн ажиллуулдаг байсан. Бусад хохирсон хүүхдүүдийн ар гэр надтай холбогдоосой, нэгдээсэй гэж хүсэж байна. Би охиныхоо төлөө зогсохгүй явна, тэмцэнэ. Миний охин шиг хүүхдүүдийг эмнэлэгт эмнэлэгт амиа алдах нөхцөлд оруулахгүйн төлөө явах боломжтой бүх газраар явна” гэлээ.