"Нүүрсний" гэх хэргийн хүрээнд мөрдөн шалгасан, АТҮТ-ийн албан тушаалтнуудтай холбоотой нэг үйлдэлд холбогдогчдод шүүх ял оноолоо.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь АТҮТ-ийн салбарын дарга С.Давааням, авто тээврийн хяналтын мэргэжилтэн Б.Оргилболд, тус аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер Э.Шарав-Арилдий, нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжийн албан тушаалтан болох С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян нарт холбогдох хэргийг Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх өчигдөр хэлэлцсэн юм.
Нүүрс тээврийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан С.Эрдэнэтовч хүнд даацын ачаа тээврийн автомашинуудаа техникийн үзлэг, оношилгоонд ороогүй байхад орсон мэтээр бүртгэл хийлгүүлэхийн тулд С.Даваанямд 2021 оны тавдугаар сард Цагаанхад суурьшлын бүсэд байрлах “Дорнын өртөө” ХХК-ийн кэмпэд 120 гаруй мянган юань, мөн оны наадмын өмнөх өдөр нэг сая төгрөг, 2021 оны зургадугаар сард нийслэлийн Баянгол дүүргийн III хорооны нутаг дахь "Нарны хороолол"-ын гадна 37.5 сая төгрөг бэлнээр хахуульд өгсөн нь мөрдөн байцаалтаар тогтсон байдаг.
Түүнчлэн С.Давааням нь албан тушаалаа ашиглан “Итайкар” ХХК-ийн 44, “Их хүрэн хар” ХХК-ийн гурав, “Монпорт” ХХК-ийн 30, “Тавантолгой шин” ХХК-ийн 122 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр “Тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж, давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон билээ. НПГ-аас С.Даваанямд Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.4-4-т заасан албан тушаалаа урвуулсан, хахууль авсан, Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарыг эрх мэдлээ урвуулсан, С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян нарт мөн хуулийн 22.5-1-т заасан албан тушаалтанд хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх уг хэргийг хэлэлцээд С.Даваанямыг албан тушаалаа урвуулсан, хахууль авсан гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэн нийтийн албанд ажиллах эрхийг нь долоон жил хасаж, гурван жил хорих ял шийтгэжээ. Шүүгдэгч Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарын нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасаж, тус бүрийг нь 18 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Албан тушаалтанд хахууль өгсөн гэм буруутай нь тогтоогдсон Ж.Сайнбуян, С.Эрдэнэтовч нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлан тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгох ял ногдуулав.