Жагсаалын үеэр "төрийн ордон руу орохыг уриалж", цагдааг тонгорч унагаасан иргэнд "7 сарын тэнсэн харгалзах ял" оноожээ

Жагсаалын үеэр "төрийн ордон руу орохыг уриалж", цагдааг тонгорч унагаасан иргэнд "7 сарын тэнсэн харгалзах ял" оноожээ

“Нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн оны 12 дугаар сард /2022.12/ Сүхбаатарын талбайд 20 гаруй хоног үргэлжлэн болсон билээ. Тэгвэл тус жагсаалд оролцож, улмаар “Төрийн ордон руу оръё наадуул чинь гарч ирэхгүй” гэж үзэл бодлоо илэрхийлэх явцад нь шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг тонгорч унагасан гэх иргэнд шүүхээс 7 сарын тэнсэн харгалзах ял оноожээ. 

Тодруулбал, шүүгдэгч О.У нь Сүхбаатарын талбайд болсон жагсаалын тухай мэдээллийг цахим сүлжээнээс авч, нүүрсний хулгайн хэргийн талаар үг, үзэл бодлоо илэрхийлэхээр 2022 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатарын талбайд очсон байна.

Улмаар тэрбээр “Төрийн ордон руу оръё наадуул чинь гарч ирэхгүй” гэж үзэл бодлоо илэрхийлсэн аж.

Энэ үед  зарим жагсагчид түүнийг "тролл" гэж хэлж байсан бөгөөд энэ үед нь цагдаагийн алба хаагчид түүний хэн болохыг нь тодруулах зорилгоор Сүхбаатарын талбайн урд байрлах цагдаагийн пост руу авч явах шаардлага тавьсан байна. Харин тэрбээр цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж, нэг цагдааг тонгорч унагасан аж. Улмаар тус хэргийг мөрдөн шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Цагдаагийн алба хаагч мэдүүлэгтээ "Тухайн үед би уг залууд үүрүүлээд шидүүлээд нуруу хэсгээрээ газарт унасан. Тэгэхэд ямар нэгэн зовуурь үүсээгүй...” хэмээсэн бол хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нь "..миний цагдаа куртикний цахилгааны доод талын товч мултарч унасан. Куртикны товчийг тухайн хүн эсэргүүцэж байхдаа унагаасан.." гэдгээ хэлсэн байна. Мөн тэд "шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэдгээ ч тодотгожээ. Харин шүүгдэгч О.У нь "Би цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж үүрч унагаасан асуудалдаа гэмшиж байна..." хэмээжээ. 

Ингээд шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 7 сарын тэнсэн харгалзах ял ногдуулж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. 

ЖИЧ: Иймд иргэд та бүхнийг үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.