Манай улсад улс төрийн намын бүртгэлийг Улсын дээд шүүх /УДШ/ хийж, эцсийн үнэн зөв лавлагаа мэдээллийг гаргадаг.
Энэ утгаараа 2022 онд УДШ-ээс гаргасан мэдээлэлд, “Улсын дээд шүүхийн улс төрийн намын бүртгэл, түүний мэдээллийн цахим санд Ардчилсан намын дарга буюу Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр С.Эрдэнийг бүртгүүлэх болон бүртгэлийг сэргээлгэх хүсэлтүүдийг Улсын дээд шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснээс гадна өөр хэн нэгнийг бүртгэсэн шийдвэр гаргаагүй байна” гэсэн байдаг.
Учир нь С.Эрдэнэ сүүлийн хоёр жил /2021-2022/-ийн хугацаанд АН-ын дарга болохоор Улсын дээд шүүхэд дөрвөн удаа хандсан боловч, түүний хүсэлтийг УДШ хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Харин энэ оны хоёрдугаар сар /2023.02/-д Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэснээр тус нам албан ёсны итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдтэй болсон юм.
-АН-ЫН ТАМГЫГ АШИГЛАЖ ОЙР ДОТНЫН ХҮМҮҮСТЭЭ "АЛБАН ПАСПОРТ" АВАХААР ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ХАНДЖЭЭ-
Тэгвэл АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, дарга байхгүй гэж УДШ мэдэгдсээр байтал, 2023 оны нэгдүгээр сарын 11-ны өдөр С.Эрдэнэ АН-ын нэрийг барьж, тус намын тамгыг ашиглан өөрийн эхнэр, насанд хүрээгүй бага насны охин болон өөрийн хамтрагч Д.Эрдэнэсувд болон түүний гэр бүлийн хүнд “албан паспорт” авахаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ханджээ.
Тодруулбал, АН-ын 9020120477 дугаартай тамгыг дарж, С.Эрдэнэ гарын үсэг зурсан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хандсан бичигт, “АН-ын төлөөлөл БНСУ-ын Сөүл хотод “Азийн улс төрийн намуудын олон улсын чуулган” /ICAPP/ Олон улсын байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд 2023 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд оролцоно. Уг арга хэмжээнд Д.Эрдэнэсувд, Үндэсний бодлогын хорооны гишүүд Л.Нармандах, Н.Нинжбадгар, Л.Солонго, Т.Хүүхнээ, Э.Содханд нар оролцох тул албан паспорт олгож өгнө үү” гэжээ.
Сонирхуулахад, “албан паспорт” хүссэн тус бичигт нэр нь орсон Н.Нинжбадгар нь С.Эрдэнийн эхнэр бол Э.Содханд нь түүний бага насны охины нэр юм. Харин Д.Эрдэнэсувд нь өөрийгөө АН-ын ЕНБД хэмээн мэдээлэл хийх болсон бөгөөд тэрээр С.Эрдэнийн дэргэд үлдсэн цөөн хүүхнүүдийн нэг ажээ. Тэгвэл Т.Хүүхнээ нь Д.Эрдэнэсувдын нөхөр бол Л.Солонго нь тэдний бэр байж болзошгүй байгаа юм.
-С.ЭРДЭНЭ АН-ЫГ НЭРИЙГ БАРЬЖ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ-
Улс дээд шүүхээс тухайн үед “АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй” гэж мэдэгдсээр байтал С.Эрдэнэ тус намын тамгыг ашиглан, өөрөө гарын үсэг зурж Гадаад харилцааны сайдад хандсан нь хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл юм. Тодруулбал, Эрүүгийн тухай хуулийн 22.12.1-д заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэсэн заалтыг зөрчсөн магадгүй байгаа юм.
Учир нь ЭХ-ийн 22.12.1-д “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Харин "Албан гадаад паспорт"-ыг "төрийн албаны АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан, шүүгч, прокурор, сум, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга зэрэг 24 албан тушаалтан, иргэнд олгоно гэж журамд заажээ. Харин АН-ын ҮБХ-ны гишүүнд олгоно гэж журамд заагаагүй байна. Журмыг ЭНД ДАРЖ үзнэ үү.