Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болон цагдан хорионы хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Тус хэргийг шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр болохоор товлогдоод байсан ч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүртэл хойшлуулсан юм. Хэргийн талаар эргэн сануулахад, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн.

Мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Батмөнх, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Пүрэвжав нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.