ШУУРХАЙ: Ж.Мөнхбатын гишүүнээс нь чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж, УИХ 75 гишүүнтэй боллоо

ШУУРХАЙ: Ж.Мөнхбатын гишүүнээс нь чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж, УИХ 75 гишүүнтэй боллоо

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас нь гуравдугаар сарын 15-ны чөлөөлсөн. 

Харин өнөөдөр /2023.03.23/-ийн УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, санал хураалтад 42 гишүүн оролцсоноос 25 нь буюу 59.5 хувь дэмжлээ. Ингэснээр Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхгүй болж байна. Мөн тэрээр яг одоо БНСУ-д байгаа бөгөөд "ээжийгээ эмчлүүлж байгаа" гэсэн тайлбарыг ирүүлсэн гэдэг. Харин зарим эх сурвалжууд түүнийг гадаад орон руу явсан бөгөөд эргэж Монголд ирэхгүй байж магадгүй гэж буй юм. 

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхбаяр “Ж.Мөнхбат гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. 1992 онд шинэ үндсэн хууль баталснаас хойш сүүлийн 30 жилд өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаа хэд дахь гишүүн болж байгаа юм. Олон гишүүд өөрийн хүсэлтээ гаргаж байснаас зарим гишүүдийг чөлөөлөхгүй гэсэн санал гарч байсан. Жишээлбэл Ж.Шаравдорж гишүүнийг чөлөөлөхгүй ээ гээд авч үлдэж байсан юм байна лээ. Парламентын ёсны төлөвшилд цаашид ийм тохиолдол гарах байх. Тэгэхээр үүний цаана ямар шалтгаан нөхцөл байдаг юм. Хүндэтгэн үзэх шалтгаан гэж юу гэж ойлгох юм. Гарцаагүй үндэслэл гэдгийг бас юу гэж ойлгодог байх вэ. 57 гишүүнээс доош орвол УИХ үндсэн эрхийн чадамжгүйд тооцогддог. Тэгэхээр энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй байх” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “Энэ хугацаанд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 13 тохиолдол байна. Н.Энхбаяр гишүүний ярьж байгаа асуудлыг цаашид УИХ анхаарах нь зөв гэж бодож байна. Хэд хэдэн шалтгаанаар гишүүнээс чөлөөлөх заалт байдаг. Эдгээрээс өөрийн хүсэлтээр чөлөөлж болно гэх хуулийн дагуу хүсэлт өгсөн. Иймд байнгын хороо хүлээж авсан байгаа” гэв.