Б.Лхагвасүрэн: Иргэд хүлээхээ больчихвол ам.долларын ханш буурна

Б.Лхагвасүрэн: Иргэд хүлээхээ больчихвол ам.долларын ханш буурна

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцсэн ам.долларын нөөцийг нэмэгдүүлэх асуудал болон ам.долларын ханшийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Өнөөдрийн ЗГ-ын хуралдаан дээр МУ-ын валютын нөөцийн байдал ямаршуу байгаа талаар мэдээлэл сонссон байгаа. Он гарахад валютын нөөц 3.3 тэрбум ам.доллар байсан өнөөдөр гуравдугаар сар гараад нөөц дээр огцом өөрчлөлт гараагүй. Бага зэрэг 3.4 болоод эсвэл 3.3 аасаа буураад л дунджаар 3.3-тай л явж байна. Энэ өөрөө МУ-ын импортын 4-5 сарын импортыг хангах хэмжээний хангалттай нөөц. Өнгөрсөн онд Орос, Украин геополитикийн хурцадмал байдлаас болоод нөөц маань 2 тэрбум 300, 2 тэрбум 200 сая долларт хүрч багсаж байсан. Тэрнээс хойш тэрбум долларын илүүтэй явж байна. Энэ утгаараа нөөц хангалттай. Дээр нь нэгдүгээр сараас нүүрсний экспортыг авч үзэх юм бол нэмэгдэж байна. ЭЗХЯ-наас өгч байгаа мэдээллээр бол энэ жил нүүрсний экспортыг 40-45 сая тоннд хүргэнэ гэж ярьж байгаа. Хэрэв ийм тоо хэмжээнд хүрвэл МУ-ын валютын нөөц цаашид улам нэмэгдэх боломжтой. Төлбөрийн тэнцэл, худалдааны тэнцэл, цаашлаад сайжраад алдагдалгүй байх боломжтой гэж харж байна.

Ам.долларын ханш өссөөр байна. Яагаад тогтворжихгүй байна вэ?

-Өнгөрсөн онд төгрөг 20 орчим хувь суларчихсан. Иргэд хүлээхээ больчихвол буурна. Арилжааны банкны санхүүгийн тэнцлийг харах юм бол долларын хадгаламж, долларын харилцах дансан дээр нэмэгдэж байгаа процесс явагдаад байгаа юм. Энэ нь долларын хадгаламжаа хамгаалах, хадгалах зорилго байна уу гэж хараад байна. Нэгэнт эдийн засаг, экспорт сэргэж байгаа тохиолдолд цаашид төгрөгийн ханш сулрах нөхцөл бололцоо бага. Илүү чангарах боломж байгаа л гэж харж байна.

-Таныг хөгжлийн банкны хэргээр шалгаж байгаа. Хилийн хориг тавьсан. Энэ асуудлаар?

-Би хөгжлийн банк байгуулагдсан үед эхлээд Солонгосын удирдлагын багт ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Дараа нь 2014 онд чөлөөлөгдсөн. ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан гэдэг утгаараа Хөгжлийн банкны хэрэгт шалгагдаж байгаа” гэлээ.