ҮХЦ-ийн гишүүн Э.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Н.Чинбатынх зургадугаар сард дуусна

ҮХЦ-ийн гишүүн Э.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Н.Чинбатынх зургадугаар сард дуусна

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа энэ оны зургадгаар сард дуусна.  2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд Э.Одбаярыг санал болгож УИХ-аас нэр дэвшүүлэн цэцийн гишүүнээр томилж байсан. Хуулиараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь зургаан жилийн хугацаанд ажиллах ёстой бөгөөд одоогийн есөн гишүүнээс Д.Одбаяр, Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа нь энэ юм.

Э.Одбаярын хувьд 2017-2019 оны хугацаанд Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан ч ёс зүйн асуудалд нэр холбогдсоноос үүдэн даргын ажлаа өгсөн. Харин Цэцийн дарга Н.Чинбатыг Улсын дээд шүүхийн санал болгосноор 2017 оны зургадугаар сарын 9-нд дахин томилж байсан бөгөөд тэрээр 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд Цэцийн даргаар сонгогдон ажиллаж байгаа. Тиймээс хаврын чуулганаар дээрх хоёр гишүүний дараагийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх нь. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан мөн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. 

Монгол Улсын Цэцийн тухай хуульд:

  • Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.
  • Цэцийн гишүүнээр томилох хүний тухай Улсын Их Хуралд санал болгохдоо Улсын Их Хурлын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэн захирамж, Ерөнхийлөгч захирамж, Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн зохих шийдвэр гаргана.
  • Санал болгосон хүнийг Улсын Их Хурал Цэцийн гишүүнээр томилохоос татгалзсан бол санал оруулсан байгууллага, албан тушаалтан долоо хоногийн дотор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар өөр хүний нэр дэвшүүлнэ.
  • Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.
  • Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно. Цэцийн гишүүн Засаг захиргаа, нам-улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа эрхэлж, үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй.
  • Цэцийн гишүүн Улсын Их Хурлын гишүүнд буюу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлбэл тухайн сонгуулийн дүн гартал Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.