УИХ-ын 76 гишүүнийг жижиг тойргоос, 32-г нь жагсаалтаар сонгох "сонгуулийн холимог систем" дээр тохирч, МАН-ын жагсаалтын эхний 10-д орох хүмүүс тодорчээ

УИХ-ын 76 гишүүнийг жижиг тойргоос, 32-г нь жагсаалтаар сонгох "сонгуулийн холимог систем" дээр тохирч, МАН-ын жагсаалтын эхний 10-д орох хүмүүс тодорчээ

Эрх баригч МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тасралтгүй ярьж энэ хүрээндээ өнгөрсөн намар Үндсэн хуулийн цэцээр шийдвэр гаргуулаад Засгийн газрын бүтцэдээ “салхи” оруулж, “давхар дээл”-тэй сайд нарынхаа тоог нэмсэн.

Тэд өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийн янз бүрийн хувилбарыг /эцэслэгдээгүй/ олон нийтэд танилцуулж, энэ тухай сэдвийг нийгэмд нээлттэй шидэж хэлэлцүүлсэн. Одоо араас нь тогтолцоо, тоо хоёрыг өөрчилж, өөрсдийн хүссэнээр “зураг”-аа зуржээ. Тодруулбал, сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоотой холбоотой хэдхэн заалтад бага зэргийн өөрчлөлт оруулахаар МАН, АН, ХҮН зэрэг улс төрийн намуудтай тохирсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын дараагийн сонгуулийг холимог системээр явуулах бөгөөд 76 гишүүнийг жижиг мажоритар тойргоос, 32 гишүүнийг намын жагсаалтаас сонгож нийт 108 гишүүнтэй парламентыг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, 76 хүнийг тойргоос сонгодог байдлыг хэвээр нь үлдээх ба тойргийг нь жижгэрүүлж нэг тойрогт нэг намаас нэг л хүн нэр дэвшиж, бусад намын нэр дэвшигчидтэйгээ өрсөлдөнө гэсэн үг юм. 

Ингэхдээ Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг таван гишүүнтэй дүүргийн нэг тойргийг хасаж, Дундговь, Завхан зэрэг аймгуудад тус бүр нэг тойрог нэмэх бололтой. Харин жагсаалтаар хэнийг УИХ-д сонгох нь хамгийн ихээр анхаарал татаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар болоод АН-ынхан ч жагсаалтад оруулах хүмүүсийнхээ  нэрсийг эхний байдлаар гаргасан байна.

Тухайлбал, МАН-ын жагсаалтын эрэмбээр

  1. Л.Оюун-Эрдэнэ /Ерөнхий сайд, МАН-ын дарга/.
  2. Д.Амарбаясгалан /ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД/. Учир нь тэрээр усалсан тойроггүй. Говь-Алтайнх ч нэр дэвшээд сонгогдох эсэх нь эргэлзээтэй. Нэмээд Говь-Алтайгаас сонгогдсон хоёр гишүүнтэйгээ муудсан бөгөөд орон нутагт нь АН төрийн удирдлагыг барьж байгаа аж.
  3. Г.Занданшатар /УИХ-ын дарга/. Учир нь тэрээр Баянхонгор аймгаас дахин сонгогдох магадлал бага байгаа аж.
  4. Жендерийн дагуу Д.Сарангэрэл эсвэл Х.Булгантуяаг оруулна гэж ярьж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний ажлаа өгөхгүй гэж байсан нь намын жагсаалттай холбоотой байжээ.
  5. Д.Тогтохсүрэн /УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/. Тодруулбал, МАН-ын бүлгийг олон жил удирдсан нь түүнийг жагсаалтын тавдугаарт бичигдэх хөшүүрэг болж байгаа аж. Мөн түүнийг өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн удаа сайдаар томилно гэх яриа гарсан ч эцсийн мөчид сайдаар томилогдоогүй нь ч үүнтэй холбоотой гэж ярих хүмүүс олон байна.
  6. Я.Содбаатар /Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга/.
  7. Ж.Энхбаяр /Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга/ Сонирхуулахад, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар өнгөрсөн 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй өнжсөн. Харин энэ удаа тэднийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс оруулж байгаа гэх мэдээлэл байна.
  8. Намбарын Энхбаяр /МАХН-ын дарга асан/. Учир нь МАН-ын удирдлагууд МАХН-тай байгуулсан хэлэлцээртээ маш сайн хүрч ажиллаж байгаа аж. Үүний үргэлжлэл нь Н.Энхбаярыг жагсаалтын наймдугаарт бичиж УИХ-ын гишүүн болгохоор тохирчээ.
  9. Харин үлдсэн жагсаалтыг арилжиж магадгүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагаас эхлээд сонирхож буй хүмүүс гарч ирж байгаа аж.

Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нараас бусад парламентын гишүүдээ жагсаалтад оруулахаар аль хэдийн төлөвлөсөн аж. Энд бас нэгэн анхаарал татах мэдээлэл сонсогдож байгаа нь Х.Баттулга, С.Эрдэнэ нартай ч энэ тухай яриа тохироогоо эхлүүлээд байгаа аж. Харин С.Эрдэнийн хувьд өөрийн 120 хүнээ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-нд гишүүнээр оруулж, өөрөө тус хороог удирдах хүсэлтэй байгаагаа Л.Гантөмөртөө уламжилсан ч, тэрээр "хариу өгөөгүй" байгаа аж. Учир нь АН-ын ҮБХ нь тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулдаг байна. Мөн Х.Баттулга УИХ-д нэр дэвших найман квот авч, өөрийн хүмүүсээ сонгуульд нэр дэвшүүлнэ хэмээн Л.Гантөмөртэй тохирсон гэх мэдээлэл байна.  

Дүгнэхэд,  дээрх хувилбарт бүх намууд тохирсны үндсэнд Л.Гантөмөрийг бүртгэж, жижиг намуудтай ч учраа ололцож. Эцэст нь МАН 76 жижиг тойргоос 45 суудал, 32 жагсаалтаас нийт 16 хүнийг УИХ-д оруулж 2024-2028 оны парламентад 61 суудалтай болохоор төлөвлөсөн байна. Тэд үүнийгээ эртнээс бэлтгэсэн бөгөөд шалгахыг нь шалгаж, хорихыг нь хорьж, сайд болгохыг нь болгож заримыг нь дуугүй болгосон нь энэ бүхний бэлтгэл гэх өнцгөөс ч хардаж болох юм. Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, намын жагсаалтын босго хувийг МАН, АН-ынхан 5 хувь байлгах санал гаргаж байгаа бол, улс төрийн жижиг намууд 3 хувь гэсэн санал гаргаад байгаа аж.