БАРИМТ: Япон, Герман, Солонгосчуудын авъя гээд байгаа Монголын “газрын ховор элемент”-ийн лицензыг сахал Д.Эрдэнэбилэг, Моннис Б.Чулуунбаатар нарын цөөн хүн эзэмшиж байна

БАРИМТ: Япон, Герман, Солонгосчуудын авъя гээд байгаа Монголын “газрын ховор элемент”-ийн лицензыг сахал Д.Эрдэнэбилэг, Моннис Б.Чулуунбаатар нарын цөөн хүн эзэмшиж байна

Энэ долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж, солонгосын эмнэлэгт үзүүлэх манай иргэдэд нэн хөнгөлөлтэй нөхцөлөөр виз олгох бол, хоёр улс хамтарч “газрын ховор элемент”-ийг судлах төв байгуулахаар болсон нь онцлох үйл явдал байлаа.

Тэгвэл манай улстай “газрын ховор элемент”-ийн чиглэлд хамтран ажиллая гэж ганцхан БНСУ санал тавьж байгаа явдал биш. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Герман, Япон улсад айлчлах үеэр ч манайхаас “газрын ховор элемент” авъя гэдгээ эдгээр улсууд илэрхийлсэн.

-“ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ” ЦАХИЛГААН АВТОМАШИН, УХААЛГА ГАР УТАСНЫ ГОЛ ТҮҮХИЙ ЭД БОЛЖ, ҮНЭ НЬ ТОГТМОЛ ӨСӨЖ БАЙНА-

Алт, зэс, нүүрс зэрэг шиг дангаараа байгаль дээр оршдоггүй “газрын ховор элемент” нь нэгээс нөгөөг нь салгаж баяжуулахад хэцүү, өндөр технологи шаарддаг байгалийн баялаг юм. Харин “газрын ховор элемент” нь соронзон чанар их, цахилгаан дамжуулах чадвар өндөр тул радио электроник, компьютер, ухаалга гар утас, цахилгаан автомашины үйлдвэрлэл гээд дэвшилтэд технологийн үндсэн түүх эд болоод байна. Товчхондоо, “газрын ховор элемент” үгүй бол ухаалга гар утас, цахилгаан автомашин гээд ухаалга технологиуд иргэдийн хэрэгцээнд нэвтрэх боломжгүй гэсэн үг юм. Иймд сүүлийн жилүүдэд “газрын ховор элемент”-ийн эрэлт тогтмол өсөж, үнэ нь ч өндөр болоод байна.

Тэгвэл АНУ-ын Геологийн албанаас гаргасан мэдээлэлд Монгол Улсын “газрын ховор элемент”-ийн нөөц 31 сая тонн буюу дэлхийн нийт нөөцийн 16,77 хувь нь гэж мэдээлжээ.

Иймд автомашин үйлдвэрлэгч Япон, Герман, Солонгос зэрэг улсууд манай улсаас “газрын ховор элемент” худалдаж авъя гэж байгаа нь ойрын хугацаанд дэлхийн нийт автомашины 50 хувь нь цахилгаан болно гэж байгаатай ч холбоотой. Улмаар Монгол Улс “газрын ховор элемент”-ийн олборлолт, баяжуулалтдаа зөв менежмент, шударга өрсөлдөөн оруулж чадвал “эдийн засгаа томруулах” бүрэн боломжтой харагдаж байгаа юм.

-МОНГОЛЫН “ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ”-ИЙН АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗИЙГ Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Б.ЧУЛУУНБААТАР НАРЫН ХЭДХЭН ХҮН ЭЗЭМШИЖ БАЙНА-

Тэгвэл дэлхийн нийт нөөцийн 16 хувийг бүрдүүлж байгаа манай улсын “газрын ховор элемент”-ийн ашиглалтын лицензыг цөөн хэдхэн хүн эзэмшиж байна. 

Тухайлбал, Ховд аймгийн Мянгад сумын нутагт байх “Халзан бүрэгтэй”, “Ар хүрэн уул” хэмээх газрын ховор элементийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК-иар дамжуулж Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны эзэн Д.Эрдэнэбилэг эзэмшиж байна. Мөн Увс аймгийн Завхан сумын нутагт байдаг “Шар толгой” хэмээх газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг ч Д.Эрдэнэбилэг Монголиан Нейшнл Рийр Ийрт Корпорейшн ХХК-иар эзэмшиж байна.

Д.Эрдэнэбилэгийн Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК-ийн эзэмшиж буй “газарын ховор элемент”-ийн лицензийн мэдээлэл

Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК-ийн эзэмшигчийн мэдээлэл

Харин Ховд аймгийн Мянгад сумын нутагт байх “Бор толгой” хэмээх газрын ховор элементийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Монголиан Лантаноиде Корпораци ХХК-ийг Силверстрийм ресурс ХХК-иар дамжуулж Моннис группийн эзэн Б.Чулуунбаатар эзэмшиж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол, Солонгосын хамтарсан “Газрын ховор элемент”-ийг судлах төв байгуулах санаачилгыг Б.Чулуунбаатар гаргасан гэж байгаа юм.

Монголиан Лантаноиде Корпораци ХХК-ийн эзэмшиж буй “газарын ховор элемент”-ийн лицензийн мэдээлэл

Монголиан Лантаноиде Корпораци ХХК-ийг эзэмшигч Силверстрийм ресурс ХХК-ийн мэдээлэл

Мөн Говьсүмбэр аймагт байх “Мөнхийн цагаан дөрвөлжин” хэмээх газрын ховор элементын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Литиуммайнинг ХХК-иар дамжуулж МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр саяхныг хүртэл эзэмшиж байжээ. Сонирхуулахад, Б.Эрдэнэбилэг нь Ашигт малтмалын газар /АМГ/-ын дэд даргын албан тушаалыг хашиж байсан байдаг. ХаринЛитиуммайнинг ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, улмаар 2018 онд Б.Мандахбаярт шилжсэн байна.Иймд “Мөнхийн цагаан дөрвөлжин” хэмээх газрын ховор элементийн лицензийг Б.Эрдэнэбилэг АМГ-ын дэд дарга байхдаа авсан байж болзошгүй. Харин 2022 оны гуравдугаар сард БНХАУ-ын иргэн Hai, Fengling гэх эзэнтэй Блүү вэйл ресурс ХХК байгуулагдаж, улмаар “Мөнхийн цагаан дөрвөлжин” хэмээх газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмших болсон байна. Улмаар үлдсэн “газрын ховор элемент”-ийн 2-3 ашиглалтын лицензийг Хотгор минералс, ЭКТУ зэрэг гадаад дотоодын хөрөнгө оруулалтай компаниуд эзэмшиж байна.

МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр  Литиуммайнинг ХХК-ийн эзэмшиж байсан “газрын ховор элемент”-ийн лиценз Блүү вэйл ресурс ХХК-д шилжжээ

Блүү вэйл ресурс ХХК-ийг БНХАУ-ын иргэн эзэмшиж байна