ВИДЕО: Хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан нүүрснээс олсон хахуулийн мөнгөө "өртөг өндөр адуу", "тансаг жүчээ"-нд зарцуулсан байж болзошгүй байна

ВИДЕО: Хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан нүүрснээс олсон хахуулийн мөнгөө "өртөг өндөр адуу", "тансаг жүчээ"-нд зарцуулсан байж болзошгүй байна

Хөдөлмөр нийгмийн хамгаалал /ХНХ/-ын сайд Т.Аюурсайханыг нүүрсний хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татаж, хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ. 

Нийслэлийн Прокурорын газраас түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан. Улмаар тэрбээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргаад байгаа юм.

ВИДЕО:

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг АТГ-аас нүүрсний хэргээр цагдан хориод байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга И.Даваадорж, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарын өөрийн туслахуудаар ажиллаж байсан хүмүүсийг удирдан зохион байгуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгаж байгаа аж. 

-Т.АЮУРСАЙХАН ҮНЭТЭЙ АРАБ АДУУНУУДАА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ БАРЬСАН МОРИНЫ ЖҮЧЭЭНДЭЭ ТЭЖЭЭДЭГ БАЙСАН УУ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан болон түүний туслахууд нь нүүрсний хахуулийн мөнгөө барилгын материал болгон оруулж ирж, барилга барьж мөнгө угаадаг байсан гэгдэж буй. Мөн тэрбээр гадаадаас өндөр өртөгтэй хурдан адуу авч ирж, Монголд үржилд оруулан мөнгө угаадаг байсан байж болзошгүй байгаа юм. Түүнийг гаднын улс орноос 20 мянган ам.доллараар хурдан эрлийз адуу хурдалдан авсан гэдгийг тод манлай уяач Ц.Дуламсүрэн хэлж байсан юм.

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нь тухайн адуунуудаа Сонгинохайрхан дүүрэгт барьсан морины жүчээндээ тэжээдэг байсан байж болзошгүй байна.

Тодруулбал, тэрбээр ковидын үед "Дааган толгой" гэх газрын ойролцоо жирийн айлын байшингаас ч том хэмжээтэй тансаг зэрэглэлийн гэхээр морины жүчээ барьжээ. Тус газарт биднийг очиход эзэнгүй, морины жүчээ нь хоосон байсан бөгөөд хаалгаа том цоожоор түгжсэн байдалтай байв. Том бетон хашааны дотор битүү морины жүчээ, морины задгай болон цуваа саравч, том дүнзэн байшин болон жижиг тоосгон байшинг барьжээ. Мөн харуулын бололтой гэр байрлах аж. Хашааны хоёр талд хяналтын камер суурилуулж, үнэтэй хаалга хийснээс үзэхэд хашаан дотор үнэтэй зүйлс байдаг гэдгийг илтгэж байлаа.

Адууны жүчэ. 2023.02.17

-Т.АЮУРСАЙХАН ТАТВАР ТӨЛДӨГ БИЗНЕС ЭРХЭЛДЭГГҮЙ Ч ОРЛОГО НЬ ХЭД ДАХИН ӨСЖЭЭ-

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нь бизнес эрхэлж улсад татвар төлдөггүй. Энэ талаараа ч ХОМ-тээ тусгасан байдаг. Тэрбээр өнгөрсөн онд ХОМ-тээ 498 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын адуутай, нэг фирмтэй гэдгээ мэдүүлж байжээ. Т.Аюурсайхан нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж байгаад ШӨХТ газрын даргаар томилогдсон. Улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүхтэй. Товчхондоо, улс төрөөр явсаар энд хүрсэн хүн. Гэтэл түүний орлого сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хэд дахин өссөн. Мөн тэрбээр ийм том хэмжээний морины жүчээг ямар мөнгөөр барив гэдэг нь анхаарал татаж буй юм. Магадгүй тэрбээр нүүрсний хахуулийн мөнгөөрөө энэхүү жүчээг барьж, хурдан удмын адуу үржүүлж, мөнгө угаадаг байсан байж магадгүй байна.

-Т.АЮУРСАЙХАНЫГ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ НАРТ НӨЛӨӨЛӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ТОДОРХОЙ ХҮНТЭЙ УУЛЗАХЫГ ХОРИГЛООД БАЙНА-

Түүнийг хэргийн оролцогч нарт нөлөөлөхөөс урьдчилан сэргийлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Т.Аюурсайханы шадар туслах асан И.Даваадорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий аудитор, мөн шадар туслах асан Б.Отгонжаргал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч асан Б.Батхүү, иргэн Б.Буяннэмэх, Д.Отгонсүрэн, Д.Дагвадорж, С.Баярмөнх, А.Цолмонтуяа нартай уулзахыг хориглоод байгаа юм.