ТОДРУУЛГА: Аав минь алга болох нь битгий хэл утсаа ч унтраадаггүй хүн. Чехийн цагдаа нар хайнга хандаж сайн хайхгүй байна

ТОДРУУЛГА: Аав минь алга болох нь битгий хэл утсаа ч унтраадаггүй хүн. Чехийн цагдаа нар хайнга хандаж сайн хайхгүй байна

Өнгөрсөн нэгдүгээр сарын 25 /2023.01.25/-ны өдөр Чех улсын Ческа Липа хотод амьдарч байсан монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болж, улмаар хоёр хоногийн дараа түүнийг нас барсан байхад нь олсон харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл Чех улсад дахин нэг монголын иргэн сураггүй алга болсон хэрэг гарсан.

Тодруулбал, Чехийн Пардубици хотод Фоксконн үйлдвэрийн ажилтан Монгол Улсын иргэн 50 гаруй настай Д овогтой Г нь энэ хоёрдугаар сарын 04 /2023.02.04/-ний өдрөөс хойш ор сураггүй алга болоод байгаа аж. Түүнийг Чехийн цагдаагийн газар болон ар гэрийнхэн нь Пардубицэ болон ойр орчмоор хайж байгаа боловч өдий хүртэл олдоогүй байна.

Энэ талаар Г-ийн охинтой холбогдож тодрууллаа. Тэрбээр, “Аав, Ээж хоёр Чех улсад таван жил ажиллаж байгаа. Ээж өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголдоо буцаж ирсэн. Тус улсад аав минь ганцаараа үлдсэн ч гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байдаг. Гэвч  хоёрдугаар сарын 04-ний өдөр үүрийн таван цагт гэртээ хамгийн сүүлд дуудлага хийгээд түүнээс хойш утас нь холбогдохгүй унтарсан байгаа юм.

Хаана унтарсан эсэхийг тодорхойлох боломжгүй, хамгийн сүүлд хэдэн цагт хаана дуудлага хийснийг л мэдэж болдог юм байна. Таван цагт гэртээ байсан гэхээр түүнээс хойш гэрээсээ гарч явсан гэсэн үг.

Чехийн цагдаа нарт хандаж төвийн камерын бичлэг шүүсэн ч тус бичлэгт аав огт харагдахгүй байна гээд тодорхой мэдээлэл өгөөгүй.  Урьд өмнө нь ингэж алга болох битгий хэл утсаа ч унтрааж үзээгүй. ЭСЯ-нд нэмэр болоочээ гэсэн үүднээс өргөдөл бичиж өгсөн ч одоог болтол хариу ирээгүй. Чехийн цагдаа нар өөрсдийнхөө улсын иргэн биш учраас сайн хайхгүй байна гэж хардаж байгаа. Чехэд байгаа монголчуудаас л цуг хайлцаж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө