ШУУРХАЙ: ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгаланг З.Энхболдын “СТРАТО” ХХК-д давуу байдал бий болгосон хэмээн яллагдагчаар татжээ

ШУУРХАЙ: ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгаланг З.Энхболдын “СТРАТО” ХХК-д давуу байдал бий болгосон хэмээн яллагдагчаар татжээ

Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль сахиулах байгууллагуудын "хамтарсан ажлын хэсэг" 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ. 

Тэгвэл нүүрсний хэрэгт Зам тээврийн хөгжөл /ЗТХ/-ийн сайд асан Б.Энх-Амгаланг саяхан яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.

Тодруулбал, тэрбээр Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухай үед Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдын хамааралтай "Страто" ХХК-д давуу байдал бий болгон "тушаал гаргасан" гэх хэрэгт буруутгаж байгаа аж.

Тодотговол, тэрбээр 2019 оны тавдугаар сарын 3 /2019.05.03/-нд “Авто замын ангилал шилжүүлэх тухай” 134 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” статустай болгож шийдвэрлэжээ. Харин 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр “Улсын чанартай авто замыг эзэмшүүлэх тухай” 227 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын хамаарал бүхий “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“Их дэлгэмэл ингүүн” компани нь “Страто” ХХК-ийн “Эрдэнэс тавантолгой” ХК-иас худалдаж авсан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сум руу зөөдөг компани аж. 

Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-амгалан Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” болгож, улмаар “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэх тушаал гаргахад тухай үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд нөлөөлсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан байна. Ингэснээр "Нүүрсний" гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй УИХ-ын гишүүн дахин нэгээр нэмэгджээ.