2010 онд Засгийн газраас Уул уурхайн металлургийн цогцолбор төслийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр түшиглэн хэрэгжүүлэх тогтоол гарч, улмаар дотоодын “Кью Эс Си” компани шалгарч 2014 онд үйлдвэрийн бүх менежментийн эрхийг тус компанид шилжүүлж, зургаан үндсэн асуудлын хүрээнд Концессын гэрээ байгуулсан байдаг.
Харин өнгөрсөн дөрөвдүгээр сар /2022.04/-д “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг шинэчилж байсан "Кью Эс Си" ХХК-ийн концессын гэрээг улс төрийн шалтгаанаар цуцалж, үйлдвэрийг төрийн өмчид авсан билээ. Улмаар тус үйлдвэрийн захиралд МАН-аас улс төрийн томилгоо хийж А.Ариунболдыг томилсон.
Гэтэл, 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр А.Ариунболдыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаас чөлөөлж, Н.Энхбаярын хүн гэгдэх Г.Дугаржавыг томилсон байдаг.
Тэгвэл А.Ариунболд нь "Ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, улмаар тус хэргийг шүүх хурал 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Ингээд шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тиймээс "Дархан төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК А.Ариунболдыг үндэслэлгүй ажлаас халсан гэх шалтгаанаар түүнд 135 сая төгрөгийн тэтгэмжийн төлбөр өгчээ. Товчхондоо "Дархан төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК нь А.Ариунболдыг ажлаас чөлөөлсөн шалтгаанаар 135 сая төгрөгийг түүнд төлсөн байх аж.