Өв уламжлал, ёс заншлаа дээдлэхийн тулд хориглосон хугацаанд хурдан морины уралдааныг зохион байгуулж, бяцхан үрсийнхээ амь насаар наадсаар байх уу гэдэг асуудлыг бид цувралаар хөндөж байгаа билээ. Учир нь удахгүй болох "Цагаан сар"-ын баярын дараахан уяачид нууцаар морь уралдуулж, бага насны хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж болзошгүй байгаа тул сэрэмжлүүлэг болгон дараах мэдээллийг бэлтгэлээ.
ВИДЕО:
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 23 /2022.04.23/-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр 14 настай унаач хүү мориноосоо унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэгт хэн хариуцлага хүлээв гэдгийг нэхэн сурвалжиллаа. Уяач н.Жавхаа нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хоолойн гашуун” гэх газарт зохион байгуулсан хурдан морины уралдаанд 14 настай Э-г ар гэрийнх нь зөвшөөрөлгүйгээр хурдан морь унуулжээ. Тухайн үед хүүд хамгаалалтын малгай, хантааз, гутлыг өмсүүлээгүйн улмаас унаач хүүхэд мориноос унаж гавал тархины битүү гэмтлийн авч нас барсан байна.
-УЯАЧ н.ЖАВХАА НЬ ХОХИРОГЧИЙГ АР ГЭРТ 25 САЯ ТӨГРӨГ ТӨЛСӨН ҮНДЭСЛЭЛЭЭР ПРОКУРОРТОЙ ЯЛ ТОХИРОЛЦЖЭЭ-
Харин тус хэрэгт яллагдагчаар татагдсан уяач н.Жавхаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 25 сая төгрөг төлсөн үндэслэлээр прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлжээ. Тодруулбал, уг хэргийг шүүх хурал 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.
Шүүхээс шүүгдэгч н.Жавхааг хориглосон хугацаанд морин уралдаанд оролцож, унаач хүүхдэд хамгаалалтын хувцас өмсгөх үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд улсын яллагчийн саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд хурдан морь уях, хурдан морь уралдуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
-ХҮҮГ МИНЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АВЧ ЯВААД МОРЬ УНУУЛСАНД ҮНЭХЭЭР ГОМДОЛТОЙ БАЙНА-
Унаач хүүг нас барсан хэргийн дараа талийгаачийн ээж манай сайтад өгсөн ярилцлагадаа дараах зүйлийг онцолж байв. Тэрбээр "2022 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 12.00 цагийн үед хүү маань нас барсан байсан. Муу хүү минь эмнэлгийн тусламж авч чадаагүй өнгөрсөн юм шиг байна лээ. Намайг хөдөө ямаа самнаад сууж байхад н.Жавхаа гэдэг хүн залгаад энэ талаар хэлсэн.
Тэр хүн хүүг маань морь унуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй. Тэр ч байтугай талийгаачийг өөрөө манай морийг унах гээд гүйгээд ирсэн гэж хэлсэн.
Гэтэл Дундговь аймгийн төвөөс сургуулийнх нь урд байдаг сэлбэгийн дэлгүүрийн хажууд явж байхад нь машинтай ирээд авч явахыг харсан хүн байсан. Тэгэхээр л өөрсдөө очиж авснаа хүлээн зөвшөөрсөн. Бид хэдэн хоног хөдөө ямаа самнах гээд түр орхиод явсан хойгуур ийм явдал болсон. Үнэхээр гомдолтой байна. Хүү минь 14 настай ч жижиг биетэй учраас хурдан морь унадаг байсан юм. Отгон хүүгээ алдчихаад ухаан санаа үймрээд юу болоод байгааг ч ойлгох ухаангүй л сууж байна" хэмээн ярьж байсан юм. Энэ мэтээр унаач хүүхдүүдийн амь насаа алдсан хэрэгт холбогддог уяач, морины эзэд нь ар гэрт нь нөхөн төлбөр болох 20 гаруй сая төгрөг өгсөн болоод прокурортой ял тохиролцож, тэнсэн харгалзах ял сонссон болоод өнгөрөөд байвал хориглосон хугацаанд хурдан морины уралдааныг зохион байгуулж, уяач хүүхдүүд амь насаа алдсаар байх нь хэвийн үзэгдэл болох нь.