Зөвлөлдөх санал асуулгын 2 дугаар шат буюу зөвлөлдөх уулзалтад 21 аймаг, дүүргээс 800 хүн оролцож байна

Зөвлөлдөх санал асуулгын 2 дугаар шат буюу зөвлөлдөх уулзалтад 21 аймаг, дүүргээс 800 хүн оролцож байна

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2023.02.14) Төрийн ордонд эхэлж байна.

Монгол Улс парламентын засаглалтай орон учраас иргэд сонгож байгуулсан Улсын Их Хурлаараа уламжлан засгийн эрхийг хэрэгжүүлдэг. Мөн иргэдэд төрийн бодлого үйл ажиллагаанд оролцох өргөн боломж байдаг.

Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу зохион байгуулж буй "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн даргалж байна.

Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийг Үндэсний статистикийн хороо статистикийн шинжлэх ухаанд өргөнөөр ашигладаг санамсаргүй түүврийн аргаар сонгож, нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг тэнцвэртэй оролцуулсан байна. Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан. Хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад санал асуулгад оролцсон дээрх иргэдээс дахин санамсаргүй түүврийн аргаар 50-иас доошгүй хувийг сонгосон бөгөөд 800 гаруй иргэн Төрийн ордонд болж буй зөвлөлдөх уулзалтад оролцож байна.

Уг зөвлөл нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан, тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх ёстой бөгөөд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй гэж заасны дагуу 11 хүний  бүрэлдэхүүнтэй байгуулсан. Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич, шинжлэх ухааны доктор, профессор Г.Чулуунбаатар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр монгол төрийн бодлогын нэн тулгамдсан асуудлаар зөвлөлдөн хэлэлцэхээр өөр өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ тээж энэ танхимд хуран цугласан зөвлөлдөх уулзалтын нийт оролцогчдод Зөвлөлдөх зөвлөлийн нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ. 

Танхимд хүрэлцэн ирсэн зөвлөлдөх уулзалтын оролцогч нэг бүр Үндсэн хуулиар олгогдсон төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ хэрэгжүүлэхээр Монгол Улсын Их Хурлын тогтоолын дагуу улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөлдөх уулзалтад оролцохыг зөвшөөрч, ард түмнийхээ нэгэн чухал төлөөлөл гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн юм.

Бүх нийтээрээ хамтран зохион байгуулж буй энэхүү зөвлөлдөх санал асуулга бол төрийн бодлого, үйл ажиллагаа болон олон нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой шийдвэр гаргах эрх бүхий этгээд нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдтэйгээ зөвлөлдөж, тухайн асуудлын учир шалтгаан, шийдвэрлэх гарц гаргалгаа, арга замын талаар харилцан ойлголцож шийдвэр гаргахад хэрэглэдэг шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалын дагуу зохион байгуулагддаг цогц үйл ажиллагаа гэдгийг Зөвлөлдөх зөвлөлийн дарга дурдав.