ВИДЕО: Чанар, стандарт хангагдаагүй гэгдээд буй барилгыг ашиглалтад оруулж, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж эхэлжээ

ВИДЕО: Чанар, стандарт хангагдаагүй гэгдээд буй барилгыг ашиглалтад оруулж, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж эхэлжээ

Өнгөрөгч даваа гараг буюу хоёрдугаар сарын 06-ны өдөр /2023.02.06/ Турк, Сирид болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хамгийн сүүлийн байдлаар 35 мянга гаруй иргэн амь насаа алдаж, 25 мянга орчим барилга бүрэн нурж сүйдээд байна.

ВИДЕО

Тус байгалийн гамшиг 1 минут 30 секундийн хугацаанд үргэлжилсэн гэж байгаа бөгөөд үүний улмаас олон барилгууд нурж, олон мянган хүн амь насаа алдсан нь чанаргүй байшин барилгыг барьсан компаниуд болон стандарт хангаагүй барилгуудыг улсад зөвшөөрч, хүлээн авсан албан тушаалтнуудын алдаа байлаа гэж үзээд буй.

Тус үйл явдалтай холбогдуулан олон улс орнуудаас гамшигт нэрвэгдээд буй улсуудад өөрийн чадварлаг эрэн хайх, аврах багийг явуулсан бөгөөд манай улсаас 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг газар дээр нь ажиллаж байна. Тэд нурсан барилгуудын “арматур нь уян зөөлөн, дүүргэлт нь хэврэг” байгаа талаар онцолж буй.

Мөн газар хөдлөлт бол хэзээ ч болж болохуйц байгалийн гамшиг болохыг тодотгож цахим сүлжээнд энэ бол "манай улсын чанаргүй барилгуудын ажлын явцын үеийн зураг" гэх хэд хэдэн барилгын зургийг нийтэлсэн. Үүнд баригдаж байх явцдаа галд автаж, өвлийн нөхцөлд бетон цутгаж, далий мурий багана, хагархай тоосго блокоор дүүргэсэн барилгуудыг тодотгосон байх бөгөөд үүний дотор БГД-ийн нутаг дэвсгэрт орших UK tower-ийн барилгын зураг анхаарал татав.

Энэхүү барилга нь 2018 онд баригдсан худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилга бөгөөд баригдах явцдаа стандарт хангаагүй гэх зургийг та бүхэн доорх зургаас харж болно. Энэ мэт олон барилгуудын жишээг та бүхэн нийслэлийн төвөөр харж байсан бөгөөд бүгд танигдахын аргагүй өөрчлөгдөж, ганган хийц, чанаргүй байдлын нийлбэр болсоор байна...

Тэгвэл Улаанбаатар хотын захиргаанд барилга, байгууламжийн чанарын хэлтэс гэж бий. Энэхүү алба Нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа болон шинээр баригдаж буй барилга байгууламжийн болзошгүй газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар, найдваржилтад мэргэжлийн дүгнэлт гаргах, паспортжуулах, тэсвэргүй барилгыг буулгах, зориулалт өөрчлөх, хүчитгэх санал, дүгнэлт гаргах бүртгэх, паспортжуулалтын зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг хийдэг.

Хамгийн сүүлд тус албанаас 900 гаруй барилгад дүн шинжилгээ хийхэд 543 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, нурах эрсдэлтэй гэх тооцоолол гарчээ.

Гэсэн хэдий ч эдгээр олон барилгуудыг хэн хүлээж авч, хянаж, зөвшөөрч өдгөө ашиглалт орсон нь тодорхойгүй бөгөөд эсвэл ямар нэгэн нөлөө ашиглаж зөвшөөрөл авсан ч байж болзошгүй нөхцөл байдал бүрдээд байна гэсэн үг. Тодруулбал, Турк, Сири улсуудтай адил 6-8 баллын хүчтэй газар хөдөлсөн тохиолдолд эдгээр барилгууд бүгд нурна гэсэн үг. Энэ нь Улаанбаатар хотод барилгын стандарт, журам мөрдөгдөхгүй байгааг илтгэж буй нэг хэлбэр юм.

Турк, Сири улсуудад болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо цаг тутамд нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулж Туркийн эрх баригчид чанаргүй барилга барьсан барилгын компаниуд, туслан гүйцэтгэгчид, хүлээн авсан мэргэжлийн хяналтын албаны 113 хүнийг баривчилж, хатуу шийтгэл оноох шийдвэр гаргаад байна.