ХӨНДӨХ СЭДЭВ: Унаач хүү амиа алдаж, уяач нь цэрвэж, бүх зүйлээ үлдээгээд нүүжээ /ВИДЕО/

ХӨНДӨХ СЭДЭВ: Унаач хүү амиа алдаж, уяач нь цэрвэж, бүх зүйлээ үлдээгээд нүүжээ /ВИДЕО/

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Гэвч удахгүй болох Цагаан сарын баяраар магадгүй нууцаар хурдан морины уралдаан зохион байгуулж, унаач хүүхдүүдийн амь нас эрсдэхгүй гэх баталгаа алга. Учир нь Төв аймаг, Багахангай дүүрэг зэрэг зарим аймаг, сум, дүүрэгт хэдийнээ хурдан морины сунгаа хийгээд эхэлжээ. Тиймээс бид энэ удаад, хурдан морины уралдааныг хориглодог ч хууль, тогтоомж хэрэгжихгүй, унаач хүүхдүүд амь насаа алдсаар байх уу, хурдан мориноос унаж, амь нас нь эрсэдсэн унаач хүүхдүүдийн хэрэг хэрхэн шийдэгдэж, хэн хариуцлага хүлээв гэдэг асуудлыг хөндөж байна. 

ВИДЕО: 

Өнгөрсөн онд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаан зохион байгуулахыг хориглосон хугацаанд буюу 2022 оны дөрөвдүгээр сард Багахангай дүүрэгт 11 настай хүү, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 14 настай унаач хүү хурдан мориноос унаж, амь насаа алджээ. Тус хэргүүд хэрхэн шийдэгдэв. 

-МОРИНООС УНАЖ АМЬ НАСАА АЛДСАН ХҮҮГИЙН ХЭРГИЙГ ПРОКУРОРООС ХААСАН БАЙЖЭЭ-

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Багахангай дүүрэгт моринд чирэгдэж нас барсан 11 настай унаач хүүгийн хэргийг прокуророос хаасан байсныг өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу дахин сэргээн шалгаж эхэлжээ. Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Н нь 8 настайгаасаа уяач н.Бат-Эрдэнэ гэх айлд морь унадаг байжээ. Хүү 2021 оны намар Багахангай дүүрэгт уяачийн хамт шилжин ирж, сургуульд орсон байна. Тэрээр хичээлийнхээ хажуугаар тухайн айлд морь унадаг байсан бөгөөд хурдан морины ажил хийх гэж хашаанаасаа гараад мориндоо чирэгдэж амь насаа алджээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, улмаар хэргийг прокуророор хаасныг өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу дахин сэргээн шалгаж эхэлжээ. Тэгвэл прокуророос ямар учраас хэргийг хаах болов гэдэг нь анхаарал татлаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч хүүгийн ээж өрх толгойлсон дөрвөн хүүхдийн ээж байжээ. Өрхийн амьжиргааны түвшин доогуур, өрх толгойлсон ээж амьдралын эрхээр хүүгээ айлд хөлсөөр хурдан морь унуулдаг байсан байна. Хүүгээ алдсан хэргийн дараа уяач хохирогчийн ар гэрт тодорхой тооны адуу мал, мөнгөн хөрөнгийн нөхөн төлбөр олгосон аж. Тиймээс ч хохирогч хүүгийн ар гэр “гомдолгүй” гэснээр прокуророос хэргийг хаасан байжээ. Харин Багахангай дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс "Уяач хохирогчийн ар гэрт нөхөн төлбөр олгосон ч хуулийн хариуцлага хүлээх ёстой" хэмээн үзэж, өмгөөлөгчөөр нь дамжуулан хэргийг сэргээн шалгуулах хүсэлт гаргасны дагуу ийнхүү өдгөө мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

-БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ "ӨЛЗИЙТ" ХОРООЛЛООС ШИЛЖИН ИРЭГСЭД "УЯАЧДЫН ХОТХОН" ГЭЖ НЭРИЙДЭХ ХОРООЛЛЫГ БИЙ БОЛГОЖЭЭ-

Талийгаач хүү уяачийн хамтаар Багахангай дүүрэгт шилжин ирээд хагас жил гаруйн хугацаа болсон учир тэднийг сайн мэдэх хүн ховор. Багахангай дүүрэгт "Өлзийт" хорооллоос шилжин ирэгсэд "Уяачдын хотхон" гэж нэрийдэх хорооллыг бий болгожээ. Тус хороололд дээрх харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, талийгаач хүүгийн морийг нь унадаг байсан уяач нь тус дүүрэгт нүүж ирээд чүчэ, саравчаа бариад байжээ. Харин унаач хүүг харамсалтайгаар амиа алдсаны дараа уяач н.Бат-Эрдэнийх тус газраас цэрвэж, бүхий л зүйлээ үлдээгээд нүүсэн байна. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар н.Бат-Эрдэнэ буюу Баагий гэх уяач нь нэгэн алдарт уяачийн морийг уяж, сойдог байсан аж. Харин унаач хүүгийн үхэлд тэдний хэн, хэн нь хариуцлага хүлээхгүй өнөөг хүрсэн байна.   

-БАГАХАНГАЙД ХУРДАН МОРИНЫ 10 ГАРУЙ ЖҮЧЭЭ, ТҮҮНД 7-12 НАСНЫ 50 ОРЧИМ УНААЧ ХҮҮХЭД БАЙДАГ ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА-

Багахангай дүүрэгт өдгөө хурдан морины 10 гаруй жүчээ, түүнд 7-12 насны 50 орчим унаач хүүхэд байдаг гэх мэдээлэл байна. Засгийн газрын тогтоолын хүрээнд тус дүүрэгт Засаг даргын захирамжаар хурдан морины сунгаа үсэргээ уралдаан зохион байгуулахыг хоригложээ. Гэвч мөн л хэрэгждэггүй гэдгийг иргэд хэлж байлаа. Ер нь Монгол Улсад унаач хүүхдүүдийн асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин хомс байна. Ийн өгүүлэхийн учир нь 

Баяр наадмын тухай хуульд 10.2 дугаар зүйлд

.Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдах морийг найм, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд уралдаанч хүүхэд нь үндэсний хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байна гэж заасан. 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 142.3 дугаар зүйлд

  • Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхгүй, сурч боловсроход саад учруулахгүй нөхцөлд 13-15 насны хүнийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд хөнгөн ажил эрхлүүлж болно гэж заажээ. 

Гэтэл хурдан морины уралдааныг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж заажээ. Товчхондоо Монгол Улсын хууль нь хүртэл унаач хүүхдүүдийг ийнхүү эрсдэлд оруулж буй юм. Өнгөрсөн 2022 онд гэхэд мориноос унаж гэмтсэн 1580 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 685 нь хүүхэд байсан бөгөөд 75 хүүхэд нь 2-17 насны унаач хүүхэд байжээ. Харин ХЭҮК-ийн мэдээллээр өнгөрсөн онд 7 хүүхэд хурдан мориноос унаж, амь насаа алдсан аж. Тэдний нэг нь Багахангай дүүрэгт амиа алдсан 11 настай унаач хүү юм.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...