Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр /2023.01.28/ Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт амьдарч байсан 15 настай охин бусдын гарт амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, Энэхүү хэрэг явдалтай холбогдуулж, нийгэмд олон хардлага, таамаглал гарч эхлээд байгаа бөгөөд үе тэнгийнх нь дөрвөн охин зодож улмаар тархины бяцралтын улмаас амь насаа алдсан байж болзошгүй гэгдээд байсан билээ. Тэгвэл энэ хоёрдугаар сарын 07-ны өдөр /2023.02.07/ Цагдаагийн Ерөнхий газраас шалгалтын ажлын хэсэг гарч Ховд аймгийг зорьсон юм. Ховдод амиа алдсан 15 настай охиныг үе тэнгийнх нь хүүхдүүд биш, нагац эгч нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрч, түүнийг саатуулан шалгаж эхэлжээ. Энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Ховд аймагт толгойдоо оёдол тавиулсан 15 настай эмэгтэй эмчлэгдэж байгаад нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн. Тус хэрэгт ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулагдаж мөрдөн шалгах ажиллагааны үеэр 15 настай охиныг гэр бүлийн хамаарал бүхий иргэн Ж гэгч нь тус хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Улмаар түүнийг яллагдагчаар татсан бөгөөд тэрбээр гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор хажуудаа байсан гэрчтэй үгсэн тохиролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дөрвөн хүүхдэд зодуулж нас барсан гэх худал мэдээлэл өгч мөрдөн байцаах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна" гэлээ.