Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Зүүнбаян төмөр” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-тай нэгтгэх шийдвэрийг гаргаж зарим зохион байгуулалтыг хийсэн. Энэ дагуу “Монголын төмөр зам” ТӨХК бүтцээ шинэчлэн долоон алба, 21 газар, 600 орчим ажилтантай болж нөсөр бүрэлдэхүүнтэй болжээ. Энэхүү данхар бүтцийн хажуугаар мэргэжлийн бус, улстөрчдийн шахааны олон ажилтанг ажиллуулж эхэлсэн нь тус компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл бидэнд ирлээ.
-П.ГАНХҮҮ ТУСЛАХААРАА АЖИЛЛАЖ БАЙСАН Б.УУГАНХҮҮ ГЭХ ЗАЛУУГ ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН ГАЗРЫН ЗАХИРЛААР ТОМИЛЖЭЭ -
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар П.Ганхүүг өнгөрсөн тавдугаар сард томилсон. Тэрбээр захирлаар томилогдон ирээд өмнө нь “Эрдэнэс Монгол” ХХК-д туслахаараа ажиллуулж байсан Б.Ууганхүү гэх залууг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тээвэр, ложистикийн газрын захирлаар томилжээ. Гэвч түүний авчирсан Б.Ууганхүү нь харилцаа хандлага, ёсзүйн доголдолтой гэх мэдээллийг эх сурвалжууд өгөв. Түүнээс гадна ажлаа хариуцлагатайгаар хийж чадаж байна уу гэдэг нь анхаарал татна.
Учир нь хамгийн сүүлд
- 2023 оны нэгдүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ачаа буулгах үеэр вагон замаас гарсан /ачиж, буулгах явцад технологийн алдаа гарсан гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан/
- Үүний өмнө Дорноговь аймгийн Хулангийн шандад зүтгүүр унаж осолдсон. Хамгийн сүүлийн хоёр жишээг дурдахад энэ. Төмөр замаар ачаа тээвэрлэх, явах зөвшөөрлийг Тээвэр, ложистикийн газар хариуцдаг бөгөөд эргээд хяналт тавих үүрэг нь ч тус газрын ажилтнуудад ногддог. Гэтэл дараалан вагон унаж буй ноцтой алдаа дутагдалд Тээвэр, ложистикийн газар ямар арга хэмжээ авч дахин ийм үйл явдал гаргахгүйн тулд яаж анхаарч байгаа вэ.
Мөн тус компанийн Захиргаа удирдлагын газрын даргаар Цогтгэрэлийг томилсон бөгөөд түүнийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар тус албанд зүтгүүлсэн гэх мэдээлэл байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дараагийн дэлбэлэлт төмөр замын салбарт болно. Анхааралтай байгаарай” гэж сануулсан. Түүний энэхүү мэдэгдлийн дараа “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохицуулалтын албаны дэд дарга С.Батдөлийг баривчилж, гэрээс нь их хэмжээний мөнгө хураасан. Тэгвэл хамгийн хариуцлага өндөртэй ажиллах, Монгол улсын тээвэр логистикийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж экспорт, импортоос олох олох орлогыг нэмэгдүүлэх үүрэгтэй “Монголын төмөр зам” ТӨХК-д улстөрчид мэргэжлийн бус хүний шахаа хийсээр буйн ганц жишээ энэ юм.