Бусдын дээрээс кофе асгаж, танхайрсан Б.Ариунзаяад холбогдох хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзжээ. Тодруулбал, Б.Ариунзаяад холбогдох хэргийг шүүх давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болсон.
Улмаар Прокуророос Б.Ариунзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх Б.Ариунзаяатай хамт явж байсан эмэгтэйгээс мэдүүлэг аваагүй, Б.Ариунзаяагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй, түүний сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал байсан эсэх сэтгэцийн байдлыг нь тогтоолгох шаардлагатай гэх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Харин давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Ц.Баярмаа нарын гомдол, прокурорын эсэргүүцэл зэргийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн 3 үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж дүгнэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.