ШУУРХАЙ: СУИС-ийн жүжигчний ангийн оюутнууд доод ангийн эмэгтэй оюутнуудаа хүчирхийлсэн хэрэг ПРОКУРОР дээр гацжээ

ШУУРХАЙ: СУИС-ийн жүжигчний ангийн оюутнууд доод ангийн эмэгтэй оюутнуудаа хүчирхийлсэн хэрэг ПРОКУРОР дээр гацжээ

Өнгөрөгч 2022 онд Соёл урлагийн их сургуульд /СУИС/ маш ноцтой бэлгийн хүчирхийллийн хэрэг гарсан байна.

Тодруулбал, 2022 есдүгээр сарын 06 /2022.09.06/-ны өдөр СУИС-ийн Театр урлагийн сургуулийн жүжигчний 3Б ангийн оюутнууд /одоогийн 4Б анги/ доод ангийн гурван эмэгтэй оюутанд хүч хэрэглэн ангидаа оруулж хувцсыг нь тайлж нүцгэлэн улмаар нүд, гарыг нь боон биеийг нь илэх зэрэг үйлдэл гарган бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Тэд хүчирхийллийн үйл явцаа гар утасныхаа камераар бичиж авсан байна. Хэрэг гарах үед жүжигчний 3Б ангийн 20 оюутан байснаас 16 нь тус хэрэгт холбогджээ.

Хэрэг гарсан даруйд хохирогч охид ангийн багш, сургуулийн захиргаа, цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Тухайн үед охидын гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн газраас тус хэргийг шалгасан бөгөөд өнгөрөгч 2022 оны арваннэгдүгээр сар /2022.11/-д прокурорт шилжүүлжээ.

Гэтэл прокурорын байгууллага одоог хүртэл тус хэргийг шийдвэрлэхгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "хүчирхийлэл үйлдсэн оюутнуудын эцэг, эх прокурорт нөлөөлж тус хэргийг удаашруулж байх магадлалтай" гэсэн юм. Учир нь тус оюутнуудын эцэг, эхчүүдийн дунд эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүс байгаа аж. Хэрэг гарсны дараа хүчирхийлэл үйлдсэн оюутнуудыг хичээлд нь суулгахгүй байх арга хэмжээг сургуулийн захиргаанаас авсан ч тэдний эцэг, эхчүүд нь гомдол, санал гаргаснаар хичээлд нь буцаан хамруулах болсон байна. Одоо тус оюутнууд СУИС-даа сургалтын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа юм байна.

СУИС. 2023.02.08

Тэгвэл "хэрэг явдлын баримтууд сургуулийн захиргаанд байгаа" гэх бөгөөд тухайн үед багш, ажилтнууд Эрүүгийн цагдаагийн газарт гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Мөн Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн оюутнуудаас тест авч шалгажээ. Учир нь хүчирхийлэл үйлдэх явцдаа оюутнууд бүгд электрон тамхи татаж байсан нь баримтад үлджээ. Эх сурвалжийн мэдээлснээр сургуулийн удирдлагууд ч тус хэргийг шалгаж, шийдвэрлэхэд ихээхэн хойрго хандсан гэх мэдээлэл байна. Бид энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжилга мэдээллийг удахгүй хүргэх болно.