Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр /2023.01.28/ Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт амьдарч байсан 15 настай охин бусдын гарт амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан.
Энэхүү хэрэг явдалтай холбогдуулж, нийгэмд олон хардлага, таамаглал гарч эхлээд байгаа юм. Тухайлбал талийгаачийн ар гэрийнхэн хэвлэлд өгсөн тайлбартаа, “Миний охин гурван хүүхдээр толгойгоо цохиулчихлаа гээд ирсэн. 103-ын эмч миний охиныг ирж үзчихээд ханиад хүрчихсэн юм бишүү эм өг л дөө гэсэн. Маргааш нь 103 дээр яваад үүдэнд нь очтол сувилагч нь “Зүгээр хүүхэд дахиад ирчих юмаа” гээд төвөгшөөсөн” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газраас тус хэрэгтэй явдалтай холбогдуулж, шалгалтын ажлын хэсэг гарч Ховд аймгийг өчигдөр /2023.02.07/ зорьжээ. Тус ажлын хэсэг охины үхэлд гурван охинд толгой руугаа цохиулсан нь нөлөөлсөн үү, эмнэлгийн байгууллага яаралтай тусламж үзүүлээгүй нь нөлөөлсөн нь үү гэдгийг шалгаж тогтоож магадгүй юм.