Сүүлийн өдрүүдэд койны асуудал олны анхаарлыг татаж, нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас цагдан хорьж, улмаар О.Мөнхжин нарт хилийн хориг тавиад байгаа билээ. Цагдаагийн ерөнхий газраас “койн”-ы гэх тодотголтой хэрэгт 64 аж ахуйн нэгж, иргэнийг шалгаж байгаа гэдгийг мэдээлсэн.
Харин койны хохирогч гэгдэж буй иргэд “Олны танил, итгэж болох хүмүүс койн гаргаж, улмаар зарим нь сурталчилж байсан учраас өөрт байсан бүхнээ худалдан борлуулж койн авч, хохироод байна” гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл хэн, хэн ямар койн гаргаж, хэдэн төгрөг татан төвлөрүүлэв, магадгүй иргэдийн итгэлийг олохын тулд хэн гэж олны танил хүнийг сурталчилгаандаа ашиглаж байв гэдэг мэдээллийг хүргэж байна.
“MCC” койн танилцуулга нэвтрүүлэгт “Хурд” Д.Отгонбаяр, Vandebo хамтлагийн Эбо нар оролцож байжээ
MyCoin буюу “MCC” койн нь 2021 оны арваннэгдүгээр сарын 22-нд /2021.11.22/ эхний IEO явагдсан бөгөөд 1MCC=0.30 төгрөгөөр арилжаалж байжээ. Харин хамгийн сүүлийн арилжаа нь 0,043 төгрөгөөр хийгдсэн байна. Тус койны сайт нь одоогоор ажиллаж байгаа бөгөөд төслийн танилцуулга зэрэг мэдээллүүдээ нууцалжээ. Харин “Санхүүгийн зохицуулах хороо”-ноос ирүүлсэн зөвлөмж албан бичгийн дагуу Мая койн бирж виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тусгай зөвшөөрөл авах хүртэл дундын хугацаанд арилжааны функцийг хааж байна. Харилцагч танд төвөг удаж байгаад хүлцэл өчье” гэх мэдээллийг сайтдаа байршуулжээ.
Мөн 2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд /2021.11.15/ нэр бүхий мэдээллийн сайтад нийтэлсэн “myCoin бирж 2022 оны эхний хагаст хоёр улсад нээлтээ хийнэ” гэх тус койны талаарх мэдээллийг түдгэлзүүлсэн байгаа юм. “MCC” койны захирлаар Л.Баттөмөр, гүйцэтгэх захирлаар М.Төрмөнх гэх хүмүүс ажиллаж байжээ. Тэгвэл тус койны танилцуулга нэвтрүүлэгт “Хурд” хамтлагийн дуучин Д.Отгонбаяр, “Vandebo” хамтлагийн дуучин Эбо нар оролцож байжээ.
Хакухо М.Даваажаргалын “WPL” койн 2021 онд нийт 18 тэрбумыг төвлөрүүлжээ
"WPL" койныг "Ворлд плас дижитал" ХХК-ийн гаргасан бол тус компани хувьцаа эзэмшигчээр Э.Долгион, Х.Эрдэнэбаяр, С.Пүрэвжав болон Японы иргэн Sho Hakuho, Motoharu Kimura гэх хүмүүс бүртгэгджээ. Харин Улсын бүртгэлийн нэгдсэн системээс Sho Hakuho, Motoharu Kimura, Э.Долгион гэх хүмүүс нэрээ хасуулсан байна. Coinhub бирж дээр арилжаалагдах тав дахь Монгол койноор "World Plus Coin" (WPL) бүртгэгджээ. Төслийн хувьд нийт койны 10 хувиа олон нийтэд санал болгож, 2021 онд нийт 18 тэрбум төгрөгийг иргэд, олон нийтээс татан төвлөрүүлсэн байна. Тус компаний хувьцаа эзэмшигч Х.Эрдэнэбаяр нь олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлснийхээ дараа АНУ руу гэр бүлийн хамт явсан ч өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Жүжигчин О.Амгаланбаатар сурталчилж байсан “Гэр” койн 20 тэрбумыг иргэдээс төвлөрүүлжээ
“Гэр” койн 2021 оны аравдугаар сарын 10-ны /2021.10.10/ өдрөөс эхлэн цахим орчинд барилгын салбарт анх удаа койн гарах гэж буй талаар мэдээлж байсан юм. Тэгвэл тухайн койн нь тус оны арваннэгдүгээр сар /2021.11/-д 20 тэрбум төгрөгийг төвлөрүүлж чадсан байна. Гэвч өдгөө үйл ажиллагаа нь зогссон, арилжаа явагдахгүй байгаа аж.
Тус койны үүсгэн байгуулагч нь М.Бямбасүрэн бол “Зиндаа”-гийн Х.Мандахбаяр мөн оролцсон гэх мэдээлэл цахим орчинд байна.
Уг койн нь “Хөх сувд” хороолол, “Мега сити” хотхон, “Гэр” residence болон “The address” residence гэх зэрэг орон сууцны барилга байгууламжийг койн оролцуулан арилжаалах талаар сурталчилгаа хийж байсан байна. Уг сурталчилгаанд нь жүжигчин О.Амгаланбаатар оролцож байжээ. Тус койн нь нийт татан төвлөрүүлсэн 20 тэрбум төгрөгийнхөө 85 хувь буюу 17 тэрбум төгрөгийг бодит бүтээн байгуулалт, барилгын материал, үйлдвэрлэл, ханган нийлүүлтэд зарцуулна хэмээн төслийн танилцуулга дээрээ дурдаж байжээ.
Койны асуудлаар цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт эхлүүлсэнтэй холбоотойгоор NTC койн ногдол ашиг тараах тухай мэдээлжээ
Тэгвэл NTC буюу National Treasure Coin нь 2021 наймдугаар сард иргэд, олон нийтээс 9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. NTC койн нь 18 тэрбум ширхэг койныг зах зээлд 1NTC=0.30 төгрөгөөр гаргажээ. Харин өдгөө capex.mn, coinhub.mn, trade.mn, dax.mn гэх Монголын арилжааны биржүүд дээр уг койны арилжааны мэдээлэл байхгүй байна. Мөн 2021 оны аравдугаар сард иргэд олон нийтийн цахим сүлжээнд Санхүүгийн зохицуулах хорооноос “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч”-ийн албан ёсны зөвшөөрөл авсан тухай мэдээлж байсан байна.
Гэвч төд удалгүй тухайн оны арванхоёрдугаар сарын 13-нд /2021.12.13/ сүүлчийн постыг нийтэлснээс хойш сураггүй болсон байх аж. Тухайн койныг үүсгэн байгуулагч нь О.Чинхүслэн, Б.Жавхлан нар. Харин койны сурталчилгааг Clubhouse гэх цахим орчинд нээлттэй хэлэлцүүлэг хийхэд зочноор “Монгол” телевизийн хөтлөгч Н.Ариунтунгалаг оролцож байжээ. Тэгвэл койны асуудлыг шалгаж эхлэхтэй зэрэгцэн тухайн компани нь “Ногдол ашиг хуваарилна” хэмээн мэдээлжээ.