Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр /2023.01.28/ Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт амьдардаг байсан 15 настай охин бусдын гарт амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, 15 настай охин үе тэнгийн гурван охиндоо зодуулж улмаар тархи нь бяцарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.
Тэгвэл энэ талаар талийгаач охины ар гэр хэргийн талаар тодруулга өглөө. Энэ талаар талийгаач охины ээж, “Миний охин гурван хүүхдээр толгойгоо цохиулчихлаа гээд ирэхээр нь тухайн үед эмчээр боолгочихгүй юу гэж хэлсэн. Миний охин аягүй айдастай байсан. Толгой нь өвдөж байна уу гэхэд “Үгүй” л гээд байсан. Гэтэл 27-ны өдөр хүүхдийн чинь бие муу байна гээд манай дүү хэлэхээр нь байгаа айлд нь очсон чинь охины царай нэлээн цонхигор байсан. Үг ч хэлж чадахгүй. 103-ын эмч миний охиныг ирж үзчихээд ханиад хүрчихсэн юм бишүү эм өг л дөө гэхээр нь охиноо авчиртал шөнөжин бөөлжиж хоносон. Бичиж өгсөн эмийг нь өгөөд маргааш нь лам руу явж байтал гэнэт “ээжээ миний толгой өвдөөд байна” гэхээр нь 103 дээр яваад үүдэнд нь очтол сувилагч нь “Зүгээр хүүхэд дахиад ирчих юмаа” гээд төвөгшөөсөн. Бөөн юм болж эмнэлэгт оруулаад хэвтүүлтэл намайг гэр рүүгээ яваад хувцсыг нь авчир, гэмтлийн тасагт хэвтүүлнэ гэхээр нь яваад иртэл миний охинд баахан юм залгачихсан нас барсан гэдгийг хэлсэн” гэв.