АНУ-ын шүүх 2014 оноос хойш АНУ-ын хориг арга хэмжээнд өртөөд байгаа Оросын бизнес эрхлэгч, "Царьград" телевизийн сувгийг үүсгэн байгуулагч Константин Малофеевээс 5.4 сая ам.доллар хураахыг прокурорт зөвшөөрчээ.
Тодруулбал, уг хөрөнгө Малофеевын Денвер дэх “Sunflower” банкны царцаасан дансанд хадгалагдаж байгаа юм. Өнгөрсөн оны сүүлээр прокурорууд мөнгийг хурааж авах боломжтой гэж мэдэгджээ. Учир нь тэдний хэлснээр Малофеев эдгээр хөрөнгийг бизнесийн түнш рүүгээ шилжүүлэхийн тулд хориг арга хэмжээг тойрч гарахыг оролдсон байна. Манхэттэн дэх холбооны шүүх дээр дүүргийн шүүхийн шүүгч Пол Гардефийн шийдвэр нь хураагдсан хөрөнгийг Оросын түрэмгийллийн дараа Украиныг сэргээн босгоход ашиглах боломжийг олгох аж.
ОХУ-ын түрэмгийллийн дараа Украиныг сэргээн босгоход 350 гаруй тэрбум ам.доллар шаардлагатай гэж Дэлхийн банк тооцоолсон.
Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хориг арга хэмжээний дагуу Оросуудаас хураан авсан хөрөнгийг Украинд туслах зорилгоор АНУ-ын Хууль зүйн яаманд шилжүүлэх эрхийг олгосон хуульд гарын үсэг зурсан билээ.
Константин Малофеев нь анх 2014 онд АНУ-ын хоригт өртөж байжээ. Мөн үүний дараа Вашингтонд Оросын бизнесменийг Крым дахь салан тусгаарлагчдыг санхүүжүүлсэн гэж буруутгасан юм.