Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хэнтийн уулсаар цас орно. Харин маргаашаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч байгаа талаар Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Тодруулбал, өнөөдөр /2023.01.26/ Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн. Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.