ВИДЕО: Баян-уул сумын эко клубийн хүүхдүүдийн байршуулсан камерт Бөхөнгийн сонирхолтой дүрс бичигджээ

ВИДЕО: Баян-уул сумын эко клубийн хүүхдүүдийн байршуулсан камерт Бөхөнгийн сонирхолтой дүрс бичигджээ

Говь-Алтай аймгийн Баян-уул сумын эко клубийн хүүхдүүдийн байршуулсан камерт Монгол бөхөнгийн сонирхолтой дүрс бичигджээ.

Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэгдэн, Амьтны тухай хуулийн нэн ховор амьтдын ангилалд орсон монгол бөхөнгийн тархацын 70-80 хувь нь Говь-Алтай аймагт байдаг. Дэлхий дээр соргог бөхөн, монгол бөхөн гэж хоёр төрөл байдгаас монгол бөхөн нь зөвхөн манай орны Говь-Алтай, Ховд, Увс аймагт байдаг ч цөм сүрэг нь тус аймгийн Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Тонхил, Төгрөг, Халиун сум мөн Бигэрийн хоолойгоор тархан нутагладаг аж.

Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж 2014 оны байдлаар тоо толгой нь 14,000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь 2016 оны сүүлээр бог малын мялзан өвчний улмаас 53 хувь нь хорогдсон ч 2020 оны судалгаагаар 8500 орчим монгол бөхөн тоологдоод байгаа төдийгүй тархац нутгаа тэлсэн байна.

Урд жилүүдэд хийж байсанчлан энэ онд “Эко” клубийн сурагчидтай хамтран булаг шандын эхийг хамгаалах автомат камер суурилуулан мэдээлэл цуглуулах, иргэдэд холбогдох хууль тогтоомжийг танилцуулах, малчдад малын бэлчээрийг хуваарьтай ашиглах зөвлөмж хүргэх гэх мэт цогц ажлууд тогтмол зохион байгуулж байгаа аж.

ВИДЕО: